Манай улсад коронавирусийн тархалт өндөр буй. Өнөөдрийн байдлаар 125.260 хүн халдвар авсны 25.086 нь хүүхэд бөгөөд яг одоогийн байдлаар 3002 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Харин эцэг эхчүүд хүүхдээ халдвар авсныг ханиад хэмээн андууран оношилж, хүндрүүлэх тохиолдол их гарч байгаа тул Цэргийн төв эмнэлгийн хүүхдийн эмч Ц.Буянхишигтэй халдвар авсан хүүхдүүдийн шинж тэмдэг, эдгээд гарсны дараа хэрхэн гам барих зэрэг асуудлаар ярилцлаа.
-Халдвар авсан хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа вэ. Хүүхдүүд харьцангуй хөнгөн тусч байгаа гэх мэдээллийг албаны хүмүүс өгч байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн үү?
-Хүүхдүүд ихэвчлэн гэр бүл, ойр дотныхоо хүмүүсээс халдвар авч байна. Шинж тэмдэг нь харьцангуй бага. Яг томчууд шиг өндөр халуурч, ханиалгах нь бага байна. Гэхдээ бага сартай хүүхдүүд халдварт өртвөл уйлагнах, хоол ундандаа дургүй болж байгаа бол арай том хүүхдүүд нь ханиалгах, хамраас нь шингэн нус гоожих, хоолой өвдөх шинж тэмдэгүүд нийтлэг илэрч байна. Үүнийг нь эцэг эхчүүд ханиад томуу гэж андууран өөрсдөө дур мэдэн эмчлэх тохиолдол цөөнгүй гарч байна.
-Тэгвэл ханиад биш гэдгийг яаж мэдэх вэ. Хэрвээ хүүхэд халдвар авсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдэдээ халуун бүлээн шингэн зүйл уулгах, халууныг нь тогтмол хэмжиж үзэх, хоол унданд нь витаминлаг амин дэмтэй бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Гол нь ПСР шинжилгээ өгч байж мэднэ. Халдвар авсан нь батлагдвал эмчилгээг эхлүүлнэ.
-Халдвар авсан хүүхдүүдэд ямар эмчилгээг түлхүү хийж байгаа вэ?
-Хүүхдүүдэд вирусийн эсрэг эм арбидол өгөхөөс аль болох татгалзаж байгаа. Заалтын дагуу зургаагаас дээш насны хүүхдэд өгөх ёстой учраас зовуурь багатай хүүхдэд бол виферон лаа хийгээд насанд нь тохирсон эмчилгээ хийж байна. Тодруулбал, витамин D, C, нэмэгдлээр цайр өгч байна. Хүүхэд халуурсан, үрэвслийн шинж тэмдэг өндөр байгаа үед антибиотик эмчилгээ хийгдэж байна.
-Халдвар авсан хүүхдүүд хэр хугацаанд эдгэрч байна вэ?
-Халдварын хөнгөн шинж тэмдэгтэй бол 10 хоногийн дараа эдгэж байна. Эрүүл хүүхэд халдвараар өвчилсөн тохиолдолд харьцангуй хурдан эмчлэгдэж байна. Нялх хүүхдүүд дархлаа сул, вакциндаа хамрагдаагүй учраас өвчлөх нь элбэг байна. Сургуулийн өмнөх насныхан "миний хоолой өвдөөд байна, би ингээд байна" гэж өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа нь халдварыг эрт илрүүлэхэд хугацаа алдаж байна.
-Халдварын дараа ямар нэгэн эмгэг үлдэх үү?
-Ерөнхийдөө хүүхдийн дархлаа маш их суларч байгаа. Тиймээс халдвар авсны дараа өөр ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал өндөр байна.Уушги хүндээр өвчилсөн тохиолдолд эмгэг үлдэнэ, фиброз, уушгины хатуурал үүсч болзошгүй. Ер нь найман наснаас дээш хүүхдүүдэд уушги үрэвсдэг тохиолдол гарч байна. Эмчлэгдээд гарсны дараа наад зах нь сарын хугацаанд үрэвсэл нь дарагдаж бүрэн эдгэрэх боломжтой. Тухайн хүүхэд цаг ямагт эрүүл агаарт байх нь л хамгийн чухал нөлөөтэй.
-Эдгээд гарсны дараа ямар гам барих шаардлагатай вэ?
-Хоол унданд нь маш сайн анхаарч, дандаа амин дэмтэй, витаминлаг хоол өгөх хэрэгтэй. Мөн цэвэр агаар чухал. Агаарт сайн гаргах хэрэгтэй. Тэгэхдээ дааруулж болохгүй, дулаан хувцаслах зэрэг маш нарийн анхаарах шаардлагатай.
-Бүрэн эдгэрсэн гэдгээ хэрхэн мэдэх вэ?
-Эмнэлэгт хэвтээд гарч байгаа тохиолдолд дархлаа тогтож уу гэдгийг үзэж байна. Харин гэрээр эмчлэгдэж байгаа хүүхдүүд зовуурьгүй, халдварлуулах хугацаа, эдгэх хугацаа нь дууссан бол эдгэсэнд тооцно. Тархвар зүйн судалгаагаар эмнэл зүйн нууц хугацаа 1-14хоног, дундажаар 5-6 хоног, шинж тэмдэг эхлэхээс өмнөх 1-3 хоног халдвар тараах эрсдэлтэй. Халдвар аваад эдгэрсний дараа 7 хоног нийгмийн харилцаанд оролгүй өөрсдийгөө тусгаарлах хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа.