Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны төлөөллүүд хамтран өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Ипотекийн зээл төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн сунгах эсэхийг тодруулахад Монголбанкнаас "Covid-19-өөс урьдчилан сэргийлэх, эдийн засгийг хамгаалах зорилгоор УИХ-аас баталсан хуулийн хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Хугацааг сунгах эсэхийг УИХ-аар хэлэлцэж байна. Монголбанкнаас хуульд нийцүүлэн эл асуудлыг шийдвэрлэнэ.
Бидний хувьд хүндрэлтэй тал нь Монголбанк ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхдээ эргэн төлөгдсөн санхүүжилтээ буцааж гаргах байдлаар санхүүжүүлдэг. Төлбөрийг хойшлуулснаар Монголбанкин дахь төлбөр эрс буурч, эргээд ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд хүндрэл гарч байна. Тиймээс цар тахлын үед иргэдийн амьжиргааны орлого, төлбөрийн чадамж, эргэн төлөлтийн уялдаа холбоог уян хатан байдлаар зохицуулахаар шийднэ гэсэн байр суурьтай байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах эсэх талаар тодорхой хариулт өгөх боломжгүй" гэлээ.