Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: Л.Оюун-Эрдэнийг маргааш Бага хурлаасаа МАН-ын даргаар томилохоор болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 15 секунд

Ардын намын Бага хурал маргааш өглөө мандахын улаан нарнаар хуралдах зарыг гишүүддээ тараалаа. Намын том асуудлыг хэлэлцэх ихэнх хурал үдээс хойш, хэвлэл олон нийтийн нүднээс далд зохиогддог уламжлалтай. Гэвч энэ удаад ихээхэн онцлогтой учир өглөөгүүр сандруухан хийнэ.

Хар үүрээр Тусгаар тогтнолын ордны улс төр “буцална”. МАН-ын өнөөдрийн дарга У.Хүрэлсүх маргааш намаа орхиж, Монголын “дарга” болно. Морин цагт буюу 11.40 цагт тангараг өргөхөөсөө өмнө нам, засгийн ажлаа хүлээлгэн өгсөн байх шаардлагатай. Тиймээс хурлаа ийнхүү өглөө 8.00 цагаас хийж байгаа юм. Маргаашийн хэлэлцэх номер нэг зүйл бол шинэ даргын асуудал.

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар маргааш болох Бага хурлаас Л.Оюун-Эрдэнэ Ардын намын дэх даргаар томилохоор тохирчээ. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар бүрэн “хайрцагласан” Бага хурлын 369 гишүүдээрээ сүүлийн бөгөөд том шийдвэрээ ийнхүү дэмжүүлэх аж.

Улс төрийн элдэв “бослого” хөдөлгөөнөөс сэргийлж “Бага хурлаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгчээр томилно” гэх мессежийг тараасан. Товчоор бол улс төрд “гөлөг” төөрүүлсэн хэрэг. Ингэж нууцлахгүй бол нөгөө тал ямар нэгэн байдлаар хөдлөөд эхэлбэл юм хаашаа ч эргэж мэднэ. Үүнтэй холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Ийнхүү У.Хүрэлсүх тангараг өргөж намын явдалд илээр оролцохгүй болохоосоо өмнө Бага хурлаа зохион байгуулаад 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэд суудлаа ёслол төгөлдөр шилжүүлэх “Барбарис" төлөвлөгөө нь маргааш мандахын улаан нарнаар бүрэн хэрэгжихээр болсон бололтой. Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамга тэмдгийг аль болох цаг алдалгүй шилжүүлж авах нь ашигтай. Аль хэр хугацаа хожно, тэр хэрээр намын даргын төлөөх улс төр бага "гүйнэ". Дүрмээрээ намын даргын орон гарахад Ерөнхий нарын бичгийн дарга үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн Их Хурлыг товлон хуралдуулж шинэ даргыг томилуулах ёстой. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ дүрмээрээ үүрэг гүйцэтгэгч байх эрх нь Д.Амарбаясгаланд байхад өөрийгөө үүрэг гүйцэтгэгчээр томилуулах нь жинхэнэ улайрсан хувилбар болох талтай. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ муйхарлаж дүрмээ зөрчин байж өөрийгөө үүрэг гүйцэтгэгч болговол ирээдүйн улс төр нь хэр тогтвортой үргэлжлэх нь асуудалтай болж эхэлнэ. Наснаасаа ч, үеийнхнээсээ дэндүү хол "үсэрч" улс төр хийж яваа Л.Оюун-Эрдэнэ энэ мэтийн жижиг алдаа гаргахгүй л болов уу. Ийнхүү У.Хүрэлсзх маргааш явахаасаа өмнө Ардын намын “зургийг” Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оны дүү нартаа тааруулж “зурж” өгөөд явахаар болжээ.

Г.Лхагвадорж

Монголын ресторан зоогийн газрын холбоо хотын удирдлагуудтай уулзалт хийж байна
Монголын ресторан зоогийн газрын холбоо хотын удирдлагуудтай уулзалт хийж байна
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.