УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ковидод ялагдчихлаа. Ингээд зүгээр хараад л суугаад байх уу. 4.8 их наяд төгрөг зарцуулаад салхинд хийгээд ковидод бууж өглөө. Ямар олон хүн нас барж байна. Одоо өөрчлөлт хийх хэрэгтэй. Хуулийг гууль болгож байгаа энэ аюултай байдлыг тайлбарлавал, түүхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрүүл мэндийн даатгалын мөнгийг самарсан, хулгай хийсэн, хар мөртэй Ерөнхий сайд болохоор болчихоод байна. Үүнээс аварч би хоёр үг хэлье.
Нэгдүгээрт, даатгалын мөнгө бол шимтгэл. Өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд орсон тохиолдолд өөрсдийнхөө төлөө байгуулсан байгууллага. Татвар биш. Нэртэйгээр нь энэ хууль орж ирвэл Татварын Ерөнхий газрын харьяа Эрүүл мэндийн даатгалын татварын хэлтэс гэж байгуулаарай. Татвар нэмэгдэж байна гэсэн үг.
Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль гээд баахан шоудаад бид шартчихсан "модоо барьж байна" даа. Хамаг татварын мөнгийг гөвчихөөд одоо даатгалын сангийн мөнгө рүү орох гэж байна. Энэ даатгалын мөнгөний хамгийн гол зүйл бол эзэд. Эздээс нь асуусан уу. Хөдөлмөр хийж байгаа болон бизнес хийж байгаа хүмүүс эзэд нь шдээ. Асуухгүйгээр шууд Засгийн газарт мэдүүлэх нь дээрэм" гэлээ.
Ингээд гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.
Б.Энхбаяр: Монгол төр "түр төр" болж хувирлаа
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Миний хувьд ковидын нэг удаагийн хуулийг сунгахыг дэмжихгүй байгаа. Ковидын хуулийг сунгах гэж байгаа цаад учиг бол сүүлийн нэг жил төрийн албанд түр хүмүүс маш ихээр томилсон. Үүнийг л сунгах гэж байгаа. Сунгахгүй бол энэ хүмүүс долдугаар сарын 1-нээс чөлөөлөгдөнө. Энэ боломжийг яагаад нээсэн бэ гэхээр онцгой байдал, цагдаа, эмч сувилагч нарыг шаардлагатай үед элдэв саадгүйгээр татаж авах зорилгоор хийсэн. Гэтэл үүнийг төрийн захиргааны албанд баахан дарга нарыг түр томилоход ашигласан. Одоо сунгаж болохгүй. Монгол төр "түр төр" болж хувирлаа. Түр томилгоотой өчнөөн дарга нартай боллоо. Түр дарга бүрэн хариуцлага хүлээнэ гэж байхгүй"
М.Оюунчимэг: Ковидын хууль далимдуулж, нэг хоногийн дотор 1 тэрбумын тендер зарлаад явж байна
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа хүн бүхэн энэ амаргүй цаг үед хүртэх ёстой. Мэдээж коронагаар өвчилсөн энэ цаг үед Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт гаргах шаардлагатай гэдэгт санал нэг байна. Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна. Энэ мөнгийг жилийн эцэс гэхэд 0 хүртэл зарцуулсан байх ёстой гэж байна. Энэ үнэн. Гэхдээ 0 хүртэл зарцуулсан байх ёстой гээд зүгээр буруу замаар урсгалаар, ямар ч хяналтгүй байгаад гишүүд бухимдаад байна. УИХ-ын гишүүд өрхийн бүх эмнэлгээр явж байна. Нөхцөл байдал амаргүй байна. УИХ-аас бүх арга хэмжээг тултал авч байгааг та бүхэн мэдэж байгаа. УИХ-д орж ирсэн асуудлыг гишүүд маш хурдан шийдэж байгаа. Гэтэл шийдвэрүүд дунд шатандаа очоод гацах, буруу замаар ороод байна. Нэг хоногийн дотор нэг тэрбумийн тендер зарлаад явж байна. Дөрөв хоногийн дотор 3.6 тэрбумын тендер зарлагдаад явчихаад байна. Тэгээд хэлэхээр хугацаа байхгүй гэх юм. Ингэж болохгүй. Хяналтгүй зүйлийг л гишүүд хэлээд байна. Бүх зүйл зөв зарчмаараа явбал энэ олон хүн нас барж, коронагаар хүмүүс өвчлөөд байхгүй. Шуурхай ажиллахын тулд энэ хуулийг сунгах ёстой гэдгийг ойлгож байна. Гэхдээ өмнөх мөнгөний зарцуулалтаа тайлагнаад дараагийн санхүүжилт рүү ордог байх ёстой гэж хатуу хэлмээр байна. НББХ-нд Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн тайланг сонслоо. Хариуцлагагүй зүйл маш их байна. Урсгалаар гараад байна. Л.Бямбасүрэн даргыг өөрөө ажлаа хийгээч гэж хэлсэн. Тэгэхгүй бол доогуур чинь дэд дарга тэргүүтэй хэсэг хүмүүс энэ мөнгийг өөрөөр урсгаад байгааг хүмүүс баримттай гаргаж тавиад байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ЭМДЕГ-т шалгалт хийх ажлын хэсэг гаргаж байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг шударга ажиллаасай. НББХ үүнд хяналт тавина. УИХ-ын гишүүд юмыг цуцлах юм уу, зөвшөөрөхгүй байгаадаа биш эндээс баталсан санхүү нь хүндээ хүрээч ээ, эрүүл мэндийн даатгал төлж байгаа хүн бүхэнд очоосой гэж яриад байгаа юм шүү. Гаргаж байгаа мөнгө огт эзэндээ хүрэхгүй байгаа учраас яриад байна. Тайлангаа тавь"
Ц.Даваасүрэн: Ковидын хуулийг сунгаж болохгүй, хэдэн хүн дураараа дургидаг төртэй болох нь
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ковидын хуулийг үргэлжлүүлж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчөөд байна. Тус хуульд онц байдал болон дайны нөхцөл байдалд Үндсэн хуульд зааснаар хүний эрхийн хуулийг хязгаарлаж болно гэж байгаа. Одоо бид зорчих хөдөлгөөн, улс эх орондоо ирэхийг нь хязгаарлах, бизнес эрхлэх, цалин авах гээд хүний эрхийн заалтыг зөрчиж байна. Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Эсвэл онц байдлаа зарла. Үгүй бол гамшгийн хуулиараа яв. Хэрвээ бид Үндсэн хуулиа зөрчдөг бол эрх зүйт төр гэж үгүй болно. Хэдэн хүн дураараа дургидаг төртэй болно. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Төсөв санхүү үнэхээр эмх замбараагүй боллоо. Ирээдүйн өв сан 7 их наяд байх ёстой. Одоо 3 их наяд болсон байна. Үүнийг 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хуульчилсан. Одоо даатгалын сан руу орох гэж байна. Энэ ковидын хууль л төсөв санхүүгийн эмх замбараагүй байдлыг бий болгож байна. Тиймээс бусад хуулийн үйлчлэл нь Үндсэн хуулиасаа давчихсан ковидын хуулиа зогсоох хэрэгтэй байна. Энэ бол маш эмх замбараагүй байдлыг бий болгож байна"
Ж.Сүхбаатар: УИХ хүндэтгэл үзүүлэхгүй юм уу
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Өнөөдрийн байдлаар 482 иргэн халдварын улмаас амь насаа алджээ. УИХ хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Бусад улс орны Засгийн газар, УИХ парламентын хуралдаан дээрээ хүндэтгэл үзүүлж байгаа. Ганц нэг гишүүн эмгэнэл үзүүлэхээсээ илүү Монгол Улсын парламент босоод хүндэтгэл үзүүлчихмээр байна. Иргэдээс мессеж ирж байна. Иргэд өвдөөд эмээ авч чадахгүй, олдохгүй байна гэж байна. Өнөөдөр гэхэд Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэг эмгүй гэж байна. Хэнд хандах вэ. Ард түмэнд хэрэгтэй шийдвэр, оновчтой арга хэмжээ авч өгөөч гэнэ. С.Энхболд сайдаа. Б.Жавхлан сайдаа. С.Амарсайхан даргаа"
С.Одонтуяа: МАН-ынхан коронагийн хууль далимдуулж, мэргэжлийн хүмүүсийг халж, ах дүү хамаатан саднаа төрд шургуулсан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Өнөөдөр 479 хүн нас барсан мэдээгээр чуулган эхэлж байна. Нас барсан хүмүүсийн ар гэрт АН болон хувийнхаа зүгээс эмгэнэл илэрхийлж байна. Маш олон хүүхэд өнчирч, маш олон хүн эцэг эхээсээ хагацсан байна. Коронагийн хууль үр дүнгээ өгсөнгүй. Эдийн засаг тэр чигээрээ корона туссан байна. Засаглалын хямрал, засаглал өөрөө корона туссан байна. Та нар ах дүү, хамаатан саднаа албан тушаалд тавихын тулд коронагийн хуулиар далимдуулж маш олон мэргэжлийн хүмүүсийг ажлаас нь халсан байна. Ялангуяа анхан шат, мэргэжлийн байгууллагууд дээр. Мөн коронатай тэмцэхээр зарцуулах төсөл хөтөлбөрүүдийн төсвийг сонгуульдаа ялахад зарцуулсан. Тиймээс өнөөдөр бид ийм байдалд ороод байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн асуудлыг онцолж ярья. УИХ-ын үе үеийн гишүүд, Засгийн газар нийгмийн даатгалын хуримтлалын санг цөлмөөд дууссан. Одоо эрүүл мэндийн даатгалын сангаа цөлмөж байна. Үүнийг яаралтай зогсоох ёстой. ЭМД-ын сангаас гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийн зардлыг гаргах ёстой. Яаралтай үүнийг шийднэ үү. ЭМД-ын хууль үүнтэй зөрчилдөхгүй. Учир нь энэ хүмүүс чинь насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн. Тэгэхээр шинжилгээний мөнгө, гэрээр эмчлүүлэх мөнгийг яаралтай ЭМД-ын сангаас гарга"
Ё.Баатарбилэг: Даатгалын мөнгөө иргэддээ зарцуулаач
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Ковидын нөхцөл байдал хүн байгааг мэдэж байгаа. Хүн болгон л санаа зовж, төр засаг чадах бүхнээ л хийж байх шиг байна. Зөвхөн Архангай аймагт гэхэд нэг өдөр 117 шинэ тохиолдол илэрч байна. Бүх ороо дэлгэчихсэн, эмч эмнэлгийн ажилчид чадлаараа хичээж байна. Дэлхий улс орон анх удаа ийм айхтар цар тахалтай нүүр тулж байна. Дэлхийгээрээ энэ өвчний өмнө цөхөрч байна. Тэгэхээр бид одоо хүндрэлтэй байгаа асуудлаа шийдээд явах уу, эсвэл хууль эрх зүйн зөрчлийн асуудал, мөнгө төгрөг яриад халдвараа улам алдаад суух уу гэдэг асуудалд нүүр туллаа. Хариуцлагын асуудал дараа нь болох байх. Ямар цаг үед, ямар төсөв зарцуулах нь дараа нь болно. Яг өнөөдрийн хүндрэлтэй нөхцөлд жилдээ хуримтлагдаад зарцуулах дуусах ёстой даатгалын сангийн мөнгийг эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдийнхээ эрүүл мэндэд зарцуулахгүй юундаа дараад байгаа юм бэ. Иргэдийн амь нас хохироод байна. Энэ даатгалын мөнгөө иргэддээ зарцуулаач. Тиймээс энэ хуулийнхаа хугацааг сунгаад хурдан арга хэмжээгээ аваад явах хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.