Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж дууссаны дараагаар УОК-ийн нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.
Энэ үеэр хөл хорио тавихгүй бол халдварын тохиолдол буурахгүй гэж эрдэмтдийн гаргасан зөвлөмжийг яагаад Эрүүл мэндийн байгууллагаа УОК-д оруулж хэлэлцүүлсэнгүй вэ. Цаашдаа хөл хорио тогтоох уу гэсэн асуултад тэрбээр "Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа энэ үед халдвараа бууруулж, эдийн засгаа дэмжих бодлого барьж байна. Хэрвээ цаашдаа халдварын нөхцөл байдал бидний хяналтаас гарах, улам нэмэгдэх хандлага, тооцоо судалгаа гарч ирвэл хөл хорио тогтоох асуудлыг УОК-ийн хуралдаанаар дахиаж авч хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар Засгийн газар, УОК-оос аль болох хөл хориогүйгээр иргэдийн оролцоотойгоор энэ цар тахлын ард нь гарна гэсэн итгэл үнэмжилтэйгээр бид үйл ажиллагаагаа явуулж байна" гэлээ.
Мөн "Зах худалдааны төвүүдийг хаах асуудал яригдаагүй. Бөөгнөрөл үүсч, халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байгааг бид удаа дараа сануулж, өнгөрсөн тавдугаар сараас хойш тодорхой зөвлөмжүүдийг хүргүүлж ажиллаж байна. Хэрвээ цаашдаа ААН-үүдийн оролцоо хангагдахгүй, халдвар хамгааллын дэглэм алдагдаж цар тахал нэмэгдэх хандлага үүсвэл зах худалдааны төвүүдийг хаах, хязгаарлах асуудлуудыг хэлэлцэнэ. Өнөөдрийн байдлаар мөн адил энэ асуудлыг хэлэлцээгүй" гэж мэдэгдлээ.