Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
11.00 цагийн байдлаар ирц 13.4 хувьтай байна хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Мөн "ТҮР ХАСАВ" тэмдэглэгээг орон нутагт 43 иргэн, Улаанбаатар хотод 191, нийтдээ 234 иргэн сэргээлгэж саналаа өгчээ. Ингэснээр "ТҮР ХАСАВ" тэмдэглэгээтэй байсан иргэд үндсэн сонгогчийн тоонд нэмэгдэж байна.
Иргэд санал хураах хуудсан дээр дэмжсэн нэр дэвшигчийнхээ зургийг өөрсдийн цахим хаягтаа оруулж байгаа тохиолдол их байна. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ,
"Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон. Сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сурталчилгааны хугацаанд нэр дэвшигчийн зураг, уриа, лого, таних тэмдэг бүхий хувцас хэрэглэлийг өмсөх боломжтой. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор хаагдсан учраас ямар нэгэн байдлаар энэхүү хувцас хэрэглэл өмсөхийг хуулиар хориглоно.
Хоёрдугаарт, саналаа өгсөн сонгогч хэн нэгнийг дэмжсэн, эсвэл дэмжээгүйгээ илэрхийлээд саналын хуудсан дээрх тэмдэглэл бүхий зургийг авч нийтлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Иймээс иргэд үүн дээр анхаарах шаардлагатай. Үүн дээр ХХЗХ-ноос хяналт тавьж ажилладаг. Үүнтэй холбоотой маш их гомдлууд ирж байгаа ба хаах арга хэмжээ авч байна" гэв.