Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЗУНГҮЙ“ КОВИД

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
4 минут 17 секунд

Шинэ сар гарснаас хойш ковидын халдвар дахин "утгаа" алдлаа. Өдөрт 7 мянга гаруйхан хүнээс шинжилгээ авахад 1000 давсан халдвар илэрдэг болов. Зөвхөн ойрын хавьтлыг нь хумьж аваад 7-8 мянган хүнийг л шинжилж байна. Гэтэл шинжилгээ тоо багасах тусам халдварын тоо улам бүр өссөөр байна.

Засгийн газрын "Ковидгүй зун" гэх гэгээлэг ухуулгыг бид бүгдээрээ л дэмжиж, хүсэн хүлээж сууна. Гэвч энэ янзаараа “Ковидгүй зун” биш “Зунгүй” Ковид болоод л дуусах шинжтэй. Ядрахад яр гэгчээр гадаа зуны үнэр олигтойхон орж, дулаарахгүй юм. Зун бол яахав болдгоороо болох л байх. Харин ковид буурах эсэх нь эргэлзээ төрүүлээд эхлэв. Өнөөдөр гэхэд 1177 халдвар шинээр илэрснээс 310 тохиолдол нь орон нутагт, 867 тохиолдол нь нийслэл хотод илрэв. Сонгууль гэх солиорлоос болж орон нутагтаа халдвараа жигдхэн сайхан "тарааж" тараачих шиг боллоо.

Нөгөө талд нь дархлаажуулалтад хамрагдсан байдлаараа дэлхийд 4 дүгээр байранд жагсаж байгаа бахдам амжилтыг бид байгуулсан. Өнөөдрийн байдлаар II тундаа хамрагдсан иргэдийн тоо 1,525,552 хүрэв. Эхний тундаа хамрагдсан иргэдийн тоо 1,872,056 болов. Үндсэндээ зорилтод бүлэг гэж тооцоолсон 1.9 - 2 сая иргэдийнхээ бараг дийлэнхийг ЗГ вакцинжуулж чадсан гэсэн үг. Цаана нь вакцинаа элдэв шалтаг шалтгаантайгаар хийлгээгүй иргэдийн тоо маш бага байна.

Засгийн газраас 5 хоногийн өмнө мэдээлэл хийхдээ 18-35 насны 200 гаруй мянган иргэд вакциндаа хамрагдахгүй байна. Өнөөдөр илрээд буй 1000 гаруй тохиолдлын 30 гаруй хувь нь 18-35 насныхан хэмээн ЗГ, Эрүүл мэндийн яамныхан тайлбарласан. Гэтэл вакцинжуулах зорилтод бүлгийн тоо нь бараг гүйцчихээд байхад хаанаасаа 200 мянган залуучуудыг гаргаж ирээд халдвар “авахуулаад”, бас вакцинаас хоцроочихсон бэ гэдэг асуулт сонирхолтой байна. Где логик?

Мөн яагаад халдварын тоо буурахгүй, вакцины үр ашиг гарахгүй байна вэ. Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж халдвар тарах бүхий л нөхцөл байдлыг бий болгосны гороор энэ зуныг дахиад л хөл хорио дунд өнгөрүүлэх үү. Эсвэл бидний тариулаад байгаа вакцины чанарт асуудал байгаа юу. “Оном” сангийнхан бол хоёр дахь хувилбар буюу вакцины чанарт эргэлзэж буйгаа удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл дархлаа тогтоох чадвараараа Хятад вакцин хамгийн сайн нь байгаа гэх судалгаа албаныхан танилцуулсаар байгаа. Тиймээс вакциндаа бус зохион байгуулалтдаа л асуудал байгаа нь тодорхой харагдана.

Ерөнхий сайд шуурхай штабад ажиллахдаа нөхцөл байдал хүндэрвэл хэсэгчилсэн хөл хорио тавьж болзошгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүл мэндийн байгууллага болон эрдэмтэд нь халдварын тоог сонгуулийн дараа буюу 6 дугаар сарын 15-наас буурна гэсэн тооцоолол гаргаснаа танилцуулж байна лээ. Уг нь 4 дүгээр сард гаргасан тооцооллоор бол 5 дугаар сарын 15-нд халдварын тоо оргилдоо хүрч, 15 хоногийн хөл хорио, вакцинжуулалтын үр дүнгээр буцаад буурна гэж тооцоол байсан шүү дээ.

Хүн бүр ковидыг дарж авахыг хүсч, хүлээж байна. Тиймээс маш идэвхтэй вакцинд хамрагдаж, төр засгийн гаргасан шийдвэрийг бүрийг дагаж мөрдөж ирлээ. Ийм байхад халдвараа хумиж чадахгүй байгаа бол бурууг иргэдээсээ биш өөрсдийнхөө зохион байгуулалтаасаа л хайх хэрэгтэй.

М.Даваабат: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшил, ажил олгогчид хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай
М.Даваабат: Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшил, ажил олгогчид хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.