Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн билээ. Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 520 г-ын жингийн барилдаан болно. Манайхаас өнөөдөр 4 бөх барилдах хуваарьтай байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү гэсэн хоёр шилдэг жүдочоо давхарласан. Г.Хэрлэн В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт манай бөх Мраокко болон Колумбын тамирчдын ялсантай нь барилдана. Тэгвэл Ё.Басхүү D хэсэг рүү орсон. Эхний тойрогтоо манай бөх Коста-Рикагийн жүдоч Иан Санчо Чинчилатай барилдахаар оноолт таарлаа. Хэрвээ манай бөх хийгүй сайхан барилдвал хэсгийн аваргын төлөө Японы Жоширо Маруяамтай тулах магадлал өндөр байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам гэсэн хоёр залуу мастер зодоглож байна. Б.Хорлоодой А хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Гайти улсын бөх Сабиана Анестортай учраа таарлаа. Ялсан тохиолдолд Португалын бөх Жоана Рамостай барилдана.
Л.Сосорбарамын хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Мозамбик улсын бөх ФЕРРЕЙРА Жасиратай барилдана. Ялбал хоёрдугаар тойрогт Гүржийн бөх Мариам Янашвилитэй барилдана.