Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Бат-Эрдэнэ: Ажлын байрныхаа хүний нөөцийн 50-60 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр бүрдүүлэх зорилготой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 24 секунд

Жижиг, дунд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл арьсан урлал үйлдвэрлэлийн "Морьт хас" компаний захирал Д.Бат-Эрдэнэтэй коронавирусний цар тахлын үед бизнесээ хэрхэн авч үлдэж буй талаар ярилцлаа. Тэрбээр ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглаж байгаагаа онцоллоо.

 

-Сайн байна уу? Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг Д.Бат-Эрдэнэ гэдэг. "Морьт хас" компанийг үүсгэн байгуулагч. Манай компани арьсан эдлэлээр гар урлалын бүтээгдэхүүн хийдэг. Манай компани одоогийн байдлаар миний бие ороод дөрвөн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Манайх цүнх, түрүйвч, бүс гэсэн төрлүүдээр дагнаж явдаг. 
-Сүүлийн жил гаруй хугацаанд коронавирусний цар тахлын улмаас жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрлээ. Энэ хүнд хэцүү цаг үеийг хэрхэн давж туулж байна вэ?
-Урд нь ажил ихтэй үед буюу тендерийн ажил, байгууллагын захиалгын ажил авсан тохиолдолд гэрээт түр хугацааны ажилчид нэмэгдээд 14-15 хүн ажилладаг байсан. Үндсэн ажилтнаар 7-8 хүн ажилладаг байсан. Коронавирусний цар тахлаас болж ажилчид маань цөөрсөн. Ковидын улмаас зөвхөн манайх гэлтгүй өчнөөн олон том газрууд ажилчдаа цөөлж байна. Байс хийгээд л хөл хорио тогтооно. Энэ бүрт бидний үйл ажиллагаа 100 хувь зогссон. Бидний хувьд гэрээсээ ажиллах боломжгүй. Бүх үйл ажиллагааг гараар хийдэг болохоор үйлдвэр дээрээ ирж ажиллахаас өөр аргагүй. Ингээд ажил зогсохоор нөгөө л татвар, түрээс, зээл гээд бүхий л асуудал гарч ирдэг. Дээрээс нь хэдэн ажилчдын маань нийгмийн даатгал, цалин гээд олон асуудал бий. Эхэндээ болгодог л байсан. Сүүлрүүгээ цалин тавихад ч хүнд болсон. Бидний гол борлуулалтын суваг бол жуулчид руу чиглэдэг. Нодинон наймдугаар сараас эхлээд овоо дээрдэж байтал 11 сараас дахиад л хөл хориод эхэлсэн. Түүнээс хойш борлуулалт багасаад эхэлсэн.

-Борлуулалт багасахын хэрээр ажилчдын ажлын байрны тогтовтой байдал, цалин хөлс гээд асуудал их байсан гэлээ. Улс нийтээр хөл хорионд ямар ч орлогогүй үед хэрхэн зохицуулж байв?
-Одоо байгаа хүмүүсийнхээ цалинг тавихын тулд би өөрийнхөө грүүпийн мөнгийг зээлж аваад цалинг нь тавьж ч үзсэн. Нэг нь манай гэр бүлийн хүн учраас бид хоёр болгочихдог. Хамгийн сүүлийн жишээг дурдахад  хоёр ажилчдынхаа цалинг тавихын тулд Засгаас олгосон 300 мянган төгрөгөө ч өгсөн. Чадварлаг хоёр хүүхдээ авч үлдэхийн тулд цалингийнх нь 50 хувийг ч болов гүйцээх нь зөв. Иймэрхүү л байдалтай аргацааж байна. Хэрэв дахиад хөл хорино гэвэл бид сэхэхгүй шүү дээ.
-Танай байгууллагад хэд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилладаг талаар сонсож байсан. Энэ талаар тодруулбал?
-Манай энэ ажлын байранд надаас гадна нэг хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж байгаа. Сэргээн засах үндэсний төвийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв гэж байдаг. Тэднийхтэй манайх гэрээ байгуулж тэр хүүхдүүдийг эндээ дадлагажуулаад ажлын байраар хангах зорилго байгаа. Би энэ ажлын байрныхаа хүний нөөцийн 50-60 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээр бүрдүүлэх зорилготой. Надтай л адил нэг ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил орлоготой байвал л гэсэн санаа юм. Тэдний маань группын мөнгө эм тариандаа л дуусчихдаг.
-Арьсан эдлэлийн бизнес хийх санаа анх хаанаас төрсөн бэ?
-Анх би гэр бүлийнхээ хүнтэй нийлээд гэртээ савхин куртка оёдог байсан. Сүүлд гар урлалын чиглэл рүү ороод бүс, түрүйвч хийдэг болсон. Анх хийж эхэлж байхад тоног төхөөрөмж их дутагддаг байсан. Арьс нимгэлгээний машин, алх, дөш гээд явж өгнө. Ганц нэг чухал тоног төхөөрөмжөө аваад бусдыг нь авч чадаагүй. Тэр үед би ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөл байдаг гэж мэддэггүй байсан. Нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар урлалын үзэсгэлэн болоод би оролцсон чинь ХНХЯ-наас хүмүүс ирж үзээд "Ийм юм хийдэг хүмүүс нь хаагуур яваад байдаг юм бэ, ийм төсөл байдаг шүү дээ" гэж хэлж байсан. Тэгээд би анх энэ төсөлд оролцоод 5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Би тэр мөнгөнөөс нэг төгрөг ч илүү үрэлгүй бүх мөнгөөрөө тоног төхөөрөмж, материалаа аваад, ажлын байр түрээслээд хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилтнаар аваад сургаж ажиллуулж байсан. Тэндээс анх эхэлж байсан үйл ажиллагаа маань өргөжсөөр одоогийн байдлаар өөрийн гэсэн ажлын байртай болоод ажиллаж байна. Цаашдаа бүр л өргөжүүлэх зорилготой байгаа.

-Багаасаа л гар урлал, арьсан эдлэлд сонирхолтой хүүхэд байв уу?
-Тийм. Би багаасаа л гар урлал, оёдол сонирхдог байсан. Миний үндсэн мэргэжил бол барилгын салбар, геологийн мэргэжил юм. Мэргэжлээрээ ажиллаж байгаад хөлөө тайруулаад ажил хийх боломжгүй болоод гар урлалын чиглэл буюу суугаа ажил хийж эхэлсэн. Савхин куртик хийх бол улирлын чанартай ажил. Намар ганц хоёр сар өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаад бусад үед нь бараг захиалгагүй шахуу байсан. Шөнийн 3, 4 цагт унтаад өглөө 6 цагт босдог байсан. Есөн жилийн хугацаанд ингэж ажиллахаар сүүлдээ бие дийлэхээ больж байгаа юм. Ингээд арай амралттай ажил хийе гэж шийдээд багаасаа оролддог байсан гар урлалын чиглэлрүүгээ орж байсан. Манай хүн бас гутал, цүнхний талын мэргэжилтэй юм.
-Одоо савхин хүрэм оёхоо бүр байсан уу?
-Ер нь больсон. Хааяа нэг захиалга ороод ирэхээр оёё гэж бодсон ч халгаад байдаг болсон байна лээ. /инээв/
-Дэлхий нийтийн бизнес ертөнц цахим хэлбэрт шилжиж байна. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ жилээс эхлэн бид сошиал ертөнцдөө түлхүү анхаарлаа хандуулж пэйж хуудсаа хөгжүүлж ажиллахаар зорьж байна. Пэйжээрээ дамжуулан захиалга, хүргэлт зэрэг үйл ажиллагаа өргөжүүлэх бодолтой байгаа.

-Таны хувьд бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгэн төлөөлөл. Ямар золгүй зүйл тохиолдоод нэг хөлнөөсөө салахад хүргэв?
-Залуу ч байж, сахилгагүй ч байж. Тухайн үед барилга дээр ажиллаж байгаад хадаастай модон дээо унаад  судас тасарсан учраас яалт ч үгүй хөлөө тайруулахаас өөр сонголт үлдээгүй юм. 1995 онд хөлөө тайруулснаас хойш бараг 2000 он хүртэл гэртээ байсан. Нэг хэсэг үсчин хийх гэж үзээд бас болоогүй. Тэгээд л оёдол руугаа орсон.
-Савхи оёх болсон нь эргээд л багын сонирхолтой тань холбогдох байх даа?
-Биднийг бага байх үед хичээлийн порм гэж гоё хилэн порм байдаг байлаа. Тэрнийгээ хөөрхөн чимэглээд хилэн материал аваад энд тэнд нь янз бүрийн загвар оруулаад янзалж гоёдог байлаа. Тэр хувцсаа өмсөөд сургууль дээрээ очиход багш нар загнана. Сургуулийн дүрэмт хувцсыг дүрмийн бус болголоо гээд загнуулдаг байсан. /инээв/ Хажуу айлынхаа оёдлын машиныг гуйж оруулж ирж байгаад пормныхоо халаасыг илүү товгор болгох гэх мэтээр янз бүрээр задалж янзалдаг байсан. Бидний үед хичээл гэдэг утгаараа ордог байлаа шүү дээ. Хөвгүүд л гэхэд жишээ нь алхтай хэрхэн харьцах талаар яг л мужааны хичээл орох гэх мэт. Сандал хийхийг хүртэл зааж өгдөг байсан. Хоол хийх, оёдол хийх зэрэг. Анхны үйлчлэл хөдөлмөрийн хичээл дээрээ би дүүдээ унтлагын хувцас оёж байсан. Эмээгээсээ мөнгө аваад дэлгүүр орж материал аваад хийж байлаа. Ийм зүйлс чинь хүүхдийг маш олон зүйлд сургадаг.

-Гэр бүлийн хүнтэйгээ хамт бизнес хийдэг гэлээ. Ер нь танайх ам бүл хэдүүлээ вэ?
-Ам бүл тавуулаа. Хадам ээж, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү маань 25 настай, энэ жил сургуулиа төгсөж байгаа. Барилгын чиглэлээр сурч төгсөж байна. Бага охин 14 настай, таеквондоогоор хичээллэдэг. Хуулийн чиглэлээр сурна гээд гүйгээд байгаа. Хааяа ажил ихтэй үед хүүгээ ажиллуулна. Өөрийн хүн юм болохоор боломжгүй үедээ "Аав нь дараа нь цалинг нь өгнө нэг саначихаарай" гээд хэлэх үе ч байна. Хүний хүнийг бол тэгж болохгүй шүү дээ. Тэр хүн өөрөө надтай ойлголцлоо гэхэд ар гэр нь ойлгохгүй байж болно. 
-Хүү тань барилгын чиглэлээр ажиллахаар сурч төгсөж байгаа гэлээ. Хүүгээ барилгын чиглэлээр ажиллана гэхээр магадгүй тэр нэгэн өдрийг санаж хүүдээ санаа зовдог уу?
-Манай хүү барилгын өрөг угсрагчаар төгсөж байгаа. Багадаа бол сийлбэр сонирхдог байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн сийлбэрийн дугуйланд явдаг байж байгаад 9-р ангиа төгсөөд Гандигийн нэрэмжит сургуулийн сийлбэрийн ангид орох гэтэл тэр анги нь тухайн жилдээ бүртгэл аваагүй. Сөөлжилдөг юм билээ л дээ. Манай хүн сургуулиасаа хэдийн гарчихсан заавал сийлбэрийн ангид орно гээд гар урлалын чиглэлээр сурч байгаад ирэх жил нь сийлбэрийн ангидаа орсон юм. Гэтэл удалгүй багш нь солигдоод бас сургуулиасаа больсон. Жил гаруй гэртээ байж байгаад гэнэтхэн нэг сургуульд бүртгүүлсэн гээд ирсэн нь барилгын коллежийн барилгын өрөг угсрагчийн анги. Өрөг угсрагчийн ангиа төгстөл сургуулиас нь үргэлжлүүлж сурах санал тавиад үргэлжлүүлж сураад техникчийн чиглэлээр өнгөрсөн өвөл дипломоо хамгаалсан. Хүүхэд нэгэнт шийдээд ирсэн бол би урдуур нь ороод хорих боломж байхгүй. Бидний үед бол аав ээж нар ийм бол тийм бол гэж хүчээр чиглүүлдэг байсан. Миний хувьд тийм зүйл байхгүй. Хүүхэд юу сурмаар байгаа түүнийгээ л сурах хэрэгтэй. Тэгж байж юманд хүрнэ.

-Хэрэв танд тэр нэгэн өдрийн золгүй явдал тохиолдоогүй, өдийг хүртэл геологийн салбарын ажлаа эрхэлж байсан бол ямар байх байсан бол?
-Тухайн үед 1990 онд Монголд нефт, хайгуул дэлгэрч байсан үе. П.Очирбат ерөнхийлөгч дээлийнхээ энгэрийг тослоод анхны нефт оргиллоо гэж байхад тэрнээс өмнө бид аль хэдийн хамаг юмаа тослочихсон л байсан. Зүүнбаянд Монголын анхны нефтийн үйлдвэр байсан. Нефтийн чиглэлээр Америкчууд орж ирээд нефтийн хайгуул хийхэд нь би тэнд нь ажилладаг байсан. Тэр үеэр нэг барилга дээр найзынхаа ажилд тусалж байгаад хадаастай модон дээр халтирч унаад ийм болчихсон юм. Барилга бол уг нь гоё мэргэжил шүү дээ. Нэг хэцүү зүйл нь астматай болдог. Цемент шохой гэсээр байгаад амьсгалын замын тиймэрхүү өвчинтэй болдог сул талтай. 
-Эргээд танай байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцъя. Түүхий эдийн дутагдалд орсон талаараа дурдсан. Аль нэг банк эсвэл бусад газраас зээл авах бодол бий юу?
-Би гурван хувийн зээлд хамрагдахыг чухалчлахгүй байгаа. Яг үнэндээ тэр зээл мань мэтэд тэгж амар олдох эд биш юм шиг байна лээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарладаг төсөл байдаг юм. Тэр төсөлд би хоёр жилийн өмнө хамрагдах гэж үзээд материал бүрдүүлэлт дэээрээ алдаа гаргаад хасагдаж байсан. Энэ жил яалт ч үгүй тийшээ зүтгээд үзэх бодол байна. Хэрэв тэр төсөлд хамрагдчихвал хамгийн түрүүнд шаардлагатай байгаа түүхий эдээ хангалттай сайн нөөцөлж аваад үйл ажиллагаагаа зогсолтгүй явуулж байх санаатай байна. Тэгж байтал аяндаа гайгүй болох байх. Цаг гайгүй болвол хуучин ажиллаж байсан хүмүүсээ дуудаж ажилд нь оруулна.

-Ковидтой үеийн хүнд цаг үеийг түр мартъя. Өнөөдрийн амьдралдаа та сэтгэл хангалуун байна уу?
-Би өөрийн гэсэн тогтсон амьдралтай. Надад дутаад байна гэсэн зүйл алга. Сайхан хань байна, хоёр сайхан үр минь байна. Ажлын байр байна. Зарим үед бие хаа өвдхөөр л жаахан хэцүү байдаг болохоос бусдаар бол надад зовлон яриад байх юм алга. Бүх зүйл сайхан байна. Болж байна, болохгүйгээс болгохын төлөө бүгдийг хийж чадна, бүтээнэ гээд гэр бүлтэйгээ зүтгээд л явж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

Б.Сүндэръяа: Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
Б.Сүндэръяа: Урлагийн салбартаа цэг тавьж чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.