Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хорин мянгаас дээш хүн амтай бол орон нутгийн зэрэглэлтэй хот болгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг өчигдөр хуралдсан юм. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай.Тэдгээр хуулиудын нэг болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг шинэчлэх юм байна.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал :

 "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртайг онцолж байна" гэв.

Уг хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа. 

Түүнчлэн 2000-аас дээш хүн амтай бол тосгон, 20 мянгаас дээш хүн амтай  бол орон нутгийн зэрэглэлтэй хот байна гэсэн заалтыг оруулахаар төлөвлөжээ. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулан, байр сууриа илэрхийлэв. Мөн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн гишүүд хуулийн төслийн талаарх танилцуулга, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хуваалцсан юм. Тэд хуулийн төсөлд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлага зэрэг хэд хэдэн асуудлыг дахин нягталж тусгах шаардлагатайг хэлсэн юм.

ЭМЯ: Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
ЭМЯ: Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.