Хоёр хуваагдсан АН-ын маргааныг СЕХ хагалж хуулийн этгээдийн лавлагааны дагуу С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр боллоо. Харин Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд Сүхбаатарын талбайд суулт зарлав. Үнэндээ АН-ынханд маргаанаа эцэслэж нэг болоод сонгуульд орох шиг амархан алхам байгаагүй. Гагцхүү тэдэнд ойлголцох хэрэгцээ шаардлага байхгүй учраас л ойлголцсонгүй. Учир нь С.Эрдэнэ ч Н.Алтанхуяг ч тус тусын зорилготойгоор энэ удаагийн сонгуульд оролцож байгаа.
С.Эрдэнийн хувьд ялах боломжгүй гэдгээ мэдэхийн дээдээр мэднэ. АН-ын дүрмээр намаа ялагдуулсан дарга өөр сонгуульд нэр дэвших эрхгүй. Харин тэр өөртөө холбоотой хэргүүдээ хаалгаж эцэслэх, зарим тодорхой ашиг сонирхлоо хангуулах зорилгоор МАН-ын удирдлагуудтай үе үе уулзах болсон гэсэн мэдээлэл эртнээс сонсогдох болсон. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд С.Эрдэнэ нэр дэвшиж МАН-д “хадаг барина” гэсэн таамаг биеллээ оллоо. Х.Баттулгыг байранд нь авчрах Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын ашиг сонирхол ч С.Эрдэнэтэй нэгдэв. Мэдээж С.Эрдэнэ нэр дэвшихийн тулд дотоод сунгаандаа жинхнээсээ өрсөлдсөн мэт дүр үзүүлэх ёстой. Үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд Р.Амаржаргалыг “таныг нэр дэвшүүлье” гэж хүснэгт дүүргээд хулхидав. Ц.Оюунгэрэлийг ч мөн “шударгаар олонхийн санал авбал дэвшээрэй” гээд хулхидсан бололтой.
Харин Н.Алтанхуягийн хэрэгцээ сонирхол юу байв. Тэр бол долоо шархадсан чоно. АН-ын хуваагдал эцэстээ С.Эрдэнийн талд шийдэгдэх хуулийн болон улс төрийн нөхцөл байгааг тэр мэдэхийн дээдээр мэднэ. Өөрөө нэр дэвших ямар ч боломжгүй гэдэг нь эртнээс ойлгомжтой байсан ч тэр УИХ дахь АН-ын гишүүдээ нэгтгээд хүчтэй акц өрнүүлж байна.
2012 оны УИХ, орон нутаг, 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд таван сонгуульд дараалж намаа ялуулсан АН-ын цорын ганц дарга нь Н.Алтанхуяг. Түүнийг фракцуудтайгаа ойлголцож чаддаг, тал талын ашиг сонирхолыг хангаж эвийг нь олохдоо гарамгай сайн менежер гэж АН-ынхан үнэлдэг. Тийм ч учраас тэр сунгаанаас 81 хувийн санал авч гарч ирсэн.
Үнэндээ Н.Алтанхуягт Ерөнхийлөгчийн сонгууль чухал биш. АН-ын хуваагдал туйлдаа хүрч “Н.Алтанхуяг дарга л одоо хэрэгтэй” гэсэн хүлээлт дээр тулгуурлаж тэр дараагийн АН-ын дарга болох улс төрийн ажлаа ийнхүү эхлүүлж байна.
Нийгмийг тогтворгүй байдал, гудамжны улс төрийг хяналтандаа оруулж, хэдхэн өдрийн дараа тамгаа өгөөд буух Х.Баттулгын партизаны дэд бүтцийг бүтээхийн зэрэгцээ УИХ-ын танхим дахь АН-ын гишүүдээ нэг далбаанд нэгтгэж чадлаа. С.Эрдэнийн хүн гэгдэх С.Одонтуяа, Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Б.Пүрэвдорж, МАХН-ны С.Ганбаатарыг нэг цул болгож өөрийгөө нэр дэвшүүлэх бичиг дээр гарын үсэг зуруулж чадах хүн АН-д Н.Алтанхуягаас өөр байхгүй. Талцаж хуваагдсан АН-ыг нэгтгэхэд О.Цогтгэрэл ч М.Тулгат ч туршлага, мэдрэмжийн хувьд жулдана. Тиймээс учраас АН-ын дараагийн дарга М.Тулгат ч биш, О.Цогтгэрэл ч биш Н.Алтанхуяг болох нь тодорхой. Н.Алтанхуягийг дарга болгох тохироог АН-ынхан дотроо хийсэн гэв. Гагцхүү түүний эргэн ирэлтийг хүчтэй, үзэмжтэй байлгахын тулд өнөөдрийн бүх жүжгийг зохион байгуулж байна.
Ийнхүү тэрбээр 2024 онд АН-ыг ялуулж Ерөнхий сайд болох цаашлаад 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх алсын хараатай улс төрийн шатраа нүүж эхэллээ. Өнгөц харахад АН талцаж хуваагдаж байгаа мэт боловч алсуураа учраа олох нэг чигт харах тохироо нь бүрдэж байна. Өнгөрсөн 4 жил унтаа, мэдрэмжгүй, дарга нь нийгэмд таалагддаггүй сул сөрөг хүчин байсан нь АН ялагдахад том нөлөө үзүүлсэн. Тэгвэл Н.Алтанхуяг 11 байсан АН-ын суудлыг 13 болгож эхний оноогоо авлаа. Цаашид тэмцэж, бойкотлож чаддаг хүчтэй сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа шинээр мэндлэх нь гарцаагүй болж байна.
О.Цагариг