Уйдсан хүн хүн "ална" гэж... Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлээд яг нэг жил болох гэж байна. Гэтэл гурван парламент дамнуулан чирч гулдчиж байж арай гэж өөрчилсөн нөгөө хуулийг чинь бүр шинээр "бичнэ" гээд Н.Энхбаяр хаанаас ч юм гараад ирлээ. Үүнд нь У.Хүрэлсүхийн МАН туслах юм гэнэ.
Үндсэн хуулийг өөрчлөх гурван үндсэн арга байгаа. Нэг, нэмэлт өөрчлөлт. Бид өнгөрсөн 2019 онд үүнийг хийсэн. Хоёр, Үндсэн хуулийн талаас илүүд нь "гар" хүрвэл үүнийг шинэчлэн найруулсан гэж үзнэ. Гурав дахь нь Н.Энхбаярын ярьж байгаа шиг бүр шинээр бичих.
Үнэхээр лаг санаа, шийдэл түүнд байсан ч гэсэн ингэж ойр ойрхон Үндсэн хууль руугаа гар "дүрэх" нь таагүй үр дагавар дагуулдаг жишээ олныг нэрлэж болно. Бидний эргэн тойрны улс үндэстнүүд бүгд л ингэж Үндсэн хуулиараа "тоглож" байгаад эцэст нь ардчиллаа алдсан байдаг. Хамгийн сүүлд Киргиз, Беларус зэрэг улсууд яг энэ замаар замнаж ардчиллаа "булшилсан". Жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн нэмэлт, өөрчлөлт нэг хэсэгтээ бидэндээ хаваасаг. Алдаа согогтой байсан Ерөнхийлөгчийн институтийн эрхийг "хазаарлаж", Их хурал болон Ерөнхийлөгчийн "халаасанд" орчихоод байсан гүйцэтгэх засаглалын хүчийг овоо нэмэгдүүлж, парламентын дархлааг сайжруулсан, шүүх засаглалын гажуудлыг арилгасан гээд өнгөрсөн 20 гаруй жилд илэрсэн бүх алдаануудыг хэрээрээ засч янзалсан. Одоо энэ хуулиараа нэг хэсэг таваргаж байгаад дахиад хэдэн жилийн дараа гарч ирсэн алдаа согогыг нь "эмчлэх" ёстой.
Эсвэл З.Энхболдын хэлсэн шиг мань хүмүүст шал өөр ашиг сонирхол байна уу. З.Энхболд өчигдөр Н.Энхбаярын үйлдлийг Ерөнхийлөгчийн засаглалтай холбож хардана лээ. Нээрээ ч шүүх, гүйцэтгэх, Ерөнхийлөгчийн гээд бүхий л зүйл дээрээ дэвшил гаргачихаад байхад дахиад бүр шинэ Үндсэн хууль хүснэ гэдэг бол засаглалын хэлбэрийг өөрчлөх нь санаа байхыг үгүйсгэхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа "элгээрээ" хэвтсэн АН-ыг "элэг бариад" МАН, МАХН хамтарч байгаад Ерөнхийлөгчийн засаглалыг бүтээгээд, эсвэл Ерөнхийлөгчийг дахиад 6 жил сунгаад хаячихаж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, энэ парламентэд 62 суудалтай МАН хүсвэл хийчих л байх.
Өчигдөр Н.Энхбаярын ярьснаар МАН, МАХН нэгдсэн гол зорилго нь шинэ Үндсэн хууль бичих гэнэ. Сонгууль дөхсөн цаг үед энэ "мөрөөдөл" чинь тийм ч таатай сонсогдохгүй л байна. Ардын нам яаралтай Н.Энхбаяр худлаа яриад байгаа юм уу, үгүй юм уу гэдэг дээрээ нэн яаралтай тайлбар өгөх хэрэгтэй байна.
Г.Лхагвадорж