Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОХИРОО: Хоёр АН-аас С.Эрдэнэ, Я.Санжмятав нар дэвшээд, эцсийн мөчид С.Эрдэнэ “шалгарах“ гэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 48 секунд

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нарыг дахин нэр дэвших боломжгүй гэсэн ҮХЦ-ийн дүгнэлтийг өчигдөр УИХ хүлээж авснаар энэ хаврын том улс төрийн эхний үзэгдэл өндөрлөлөө. Одоо Ерөнхийлөгчийн сонгуульд кандидатуудаа нэр дэвшүүлж буйгаар хоёрдугаар үзэгдэл үргэлжилнэ. Энэ үзэгдлийн гол дүр нь Ардчилсан нам. "Тасарсан гүрвэл" шиг болчихоод байгаа АН-ынхан хоёр талаасаа нэг, нэг нэр дэвшигч гаргаж ирнэ. Эцсийн мөчид эрх баригчид аль "зөөлөн боорцог"-ын сонгож таалах учиртай. Үеийн үед л угаасаа л ингэсээр ирсэн түүхтэй.

Дур эзнээ голохгүй гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болсон сургаар АН-аар "дүүрэн горилогчид". Тэдний тэргүүн шугаманд УИХ-ын гишүүн "хонгил" Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийг сая Үндсэн хуулиар "батирсан" гэгдээд байгаа З.Энхболд, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Лу.Гантөмөр, Х.Тэмжүүжин нар өөрсдийгөө битүүхэн сойчихоод хүлээгээд байгаа. Харин Э.Бат-Үүлийн хувьд Ерөнхийлөгчид гэхээс илүүтэй 2024 онд АН-д тохиох үүлэн чөлөөний нараар нийслэлээ "базах"-ыг илүүд үзэж буй гэсэн мэдээлэл байна. Р.Амаржаргалын хувьд Ерөнхийлөгчийг дэвших боломжгүй гэсэн шийдвэр гарсан өдрийнх нь орой клабхауст зочилж намынхаа дотоод сунгаанд орно гэдгээ зарлав. Ил зарлаж буйг нь харахад хоёр тусдаа байгаа АН-ууд дунд нь өрнөж буй нууц хэлэлцээрүүдэд мань эр оролцоогүй бололтой. Тиймээс өөртөө ирэх олон нийтийн дэмжлэгээр сунгаандаа хүч үзэх гэж буй энэ байх. Гэхдээ тэр ороод ирвэл хүчтэй өрсөлдөгч болох нь тодорхой. Хяслантай нь МАН хэзээ ч хүчтэй хүнийг хүсэхгүй.

За ямартаа ч "хаан ширээ"-ний өрсөлдөөнд нэрээ бичүүлэхээр Ардчилсан намуудын хөл толгой нь мэдэгдэхгүй л байна. Харин энэ хооронд Ерөнхийлөгч Х.Баттулгын цаана нь байгаа гэх Ц.Тувааны АН болон Ц.Элбэгдорж тэргүүтнүүд ард нь байгаа гэх С.Эрдэнийн АН-ууд Ерөнхийлөгчид хэн хэнийг нэр дэвшүүлэх дээрээ бараг эцэслэн тогтсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, С.Эрдэнэ өөрийнхөө АН-аас, Ц.Тувааны АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав нар нэр дэвшихээр эцсийн байдлаар тохирсон гэнэ.

С.Эрдэнийн хувьд том намыг бараг дөрвөн жил удирдсан. Намын дотоод "сүлжээгээ" өнгөрсөн хугацаанд "базаж", бас бэлтгэж ирсэн. Мөн Улаанбаатарын бүхэл бүтэн нэг дүүргийг хөдөлгөж чаддаг талаар нь улс төрийн хүрээнийхэн ярилцдаг. Ямар сайндаа л Н.Энхбаярыг эд үед нь өрсөлдөөд бараг л ялсан гэдэг. Мөн тэрбээр гол зүйл болох хөрөнгө санхүүгийн тал дээр зарим нэг хүмүүсийг бодоход асуудлаа шийдчихсэн нэгэн. Тиймээс С.Эрдэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшээд зогсож байхад битгий нэг их гайхаарай.

Харин Я.Санжмятавын хувьд өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшээгүй өнжсөн. Мөн бусад АН-ын горилогчдыг бодоход ард түмний эсэргүүцэл багатай хүн. Мэдээж түүнийг Ц.Тувааны АН-аас зүтгүүлж байгаа цаад хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Я.Санжмятав Ерөнхийлөгч хоёр маш ойр. Тиймээс өнгөрсөн хугацаанд зөвлөхөөр ажиллаж ирсэн. Хэрвээ сая Ерөнхийлөгч өөрөө нэр дэвших эрхээ халаасалсан бол Я.Санжмятавыг Европын аль нэг улс руу элчингээр явуулахаар тохирчихсон байв. Гэвч Цэцээс нэгэнт эсрэг шийд гаргасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн "зохион бүтээсэн" АН-аасаа зөвлөхөө дэвшүүлэхээр бэлдэж буй бөгөөд энэ тохироо маш нууц түвшинд байгааг эх сурвалжууд онцолж байна. Я.Санжмятавын хувьд АН дотроо аль ч бүлэг, фракцтайгаа хэл амаа сайн ололцож чаддаг, овжин зальтай нэгэн. Ер нь АН гэлтгүй МАН-ынхантай ч гэсэн эвтэйхэн харилцаатай нэгэн. Шулуухан хэлэхэд "аль ч төрд нүүртэй" хүн. АН дотор үл ойлголцол болоход мань эр л гол координацийг хийж, маргалдагч талуудыг эвлэрүүлэн зуучилдаг гэх яриа АН-ынхан дунд байдаг.

Магадгүй тэрээр намынхаа дотоод сунгаанаас нэр дэвших эрхээ халааслаад гараад ирэхэд "Завхан нутгаас төрөн гарсан ГУРАВ дахь Ерөнхийлөгч" гэсэн марзан PR-г хүссэн, хүсээгүй ашиглах биз.

Харин эх сурвалжуудын онцолж буйгаар С.Эрдэнэ, Я.Санжмятав нар тус бүрийн АН-уудаасаа гараад ирсэн нөхцөлд яг сүүлийн мөчид С.Эрдэнэ Ардчилсан намын нэр дээрээс "босч" Ерөнхийлөгчид дэвших маш өндөр магадлалтай байгаа аж. Талууд ч үүн дээр тохирсон байгаа гэдгийг онцоллоо. Гэхдээ улс төр хэрхэн үргэлжлэхийг 100 хувь таамаглах хэцүү. Хэрэг явдал яаж ч өрнөж мэднэ. Одоогоор бол ийм зургийг улстөрийн хүрээнийхэн "зурчихаад" л байна.

Г.Лхагвадорж

АН Мьянмарт цуст бослого зохион байгуулсан PR компанитай гэрээ байгуулжээ
АН Мьянмарт цуст бослого зохион байгуулсан PR компанитай гэрээ байгуулжээ
 
АН:  Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулахыг дэмжихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.