Халдвартай тэмцэж буй эмч нар руугаа Засгийн газар "чулуу шидээд" хэд хонолоо. ХӨСҮТ-ийн эмч нартай холбоотой асуудлыг тагнуул, цагдаагийнхан шалгаж байгаа нь үнэн. Хэрэгтэй холбоотой гэж хэвлэлээр "цоллуулсан" эмч нар нь өөрсдийгөө "буруугүй, тийм зүйл хийгээгүй" гэж зарласаар байгаа нь бас үнэн. Хэн нь буруутайг хууль хяналтынхан л эцэслэж шийдэх байх. Шийд гараагүй байхад эмч нарыг өнөөдрийнх шиг шууд буруутгах нь учир дутагдалтай.
Тэгвэл эрх баригчид болон эмч нарын маргаан дундуур хүчээр чирэгдэж орж ирээд "зодуулаад" байгаа хүн нь Шадар сайд С.Амарсайхан. Өнгөрсөн 3 дугаар сараас хойш эхнэр нь улаан бүс рүү орсон гэх хэрэг мандааж олон нийтээс тасралтгүй "банга" хүртэж яваа Шадар сайд ойрноос дахин хэд хэдэн асуудлуудад ороогдоод эхэллээ. Түүний шинэ "асуудлуудынх" нь жагсаалтын эхэнд хүүхдийнх нь сургалтын зээлийн асуудал бичигдэв. Боловсролын зээлийн сангаас үгүй гэсэн хариутай ч зээлдээ хамрагдаж чадсан талаар гол усаар л нэг яриа хөөрөө болж байна. Ингээд ч зогсохгүй өнөөдрөөс Шадар сайдтай холбоотой өөр баримтууд гарна гэдгийг сэтгүүлчид олон нийтэд мэдэгдэж харагдан лээ.
Шадар сайд ч өөрөө асуудалтай нөхөр юм. Шадар сайдын асуудлыг ч МАН-ынхан дотроосоо сайхан "сэвэх" юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Шадар сайд С.Амарсайханыг огцруулах, холдуулах асуудлыг МАН-ынхан дотроосоо далдуур түлхэж "галын дэмжлэг" үзүүлж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, МАН өөрөө С.Амарсайхан сайдыг огцруулахаар далдуур ажиллаж буй гэнэ. Бүр дараагийн Шадар сайдад саяхан нэгэн байнгын хорооны дарга болсон эрхмийн нэр сонсогдоод эхэлжээ.
Хэрвээ Шадар сайдаа "суглуулчихвал" Л.Оюун-Эрдэнийн засгийн хувь заяа утгаараа "гоожиж" эхэлнэ. Тиймээс Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд Шадар сайдыгаа ядаж сонгууль хүртэл нүдээ аниад цээжээрээ хамгаалсаар ирсэн. Харин энэ бүх асуудлуудын эцэст яах вэ гэдэг эргэлзээтэй боллоо. Товчхондоо, МАН-ынхан дотроосоо С.Амарсайхан руу сумаа тавиад нумаа нууж байна.
Ер нь С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд өөрөө өөрийгөө "хорлох" ажлуудыг маш их хийлээ. Ялангуяа ХӨСҮТ-ийн улаан бүс рүү эхнэр нь орсон явдал нийгмийн маш ихээр бухимдуулж, дарга нарын дабль стандарт үүсгэж буй талаар хэд хоног маргалдлаа. Даргад нэг өөр, жирийн иргэнд бас нэг өөрөөр үйлчилдэг журам гэж байгаад С.Амарсайханы тоосыг нэлээн гөвсөн. Мань эр хариуд нь "Цар тахал, тусгаарлах байраар бизнес хийгчид улс төрийн зорилготойгоор дайрч байна" хэмээн тайлбарлаад хэсэг "гал унтраасан". Гэсэн хэдий ч Туулын бургас тайрсан, төсвийн хөрөнгөөр улирлын чанартай усан оргилуур барьсан гээд олон асуудлууд Шадар сайдыг тасралтгүй "ороож" байна. Яг үнэндээ 3.2 тэрбум төгрөгөөр урин дулаанд л "амь" орох усан оргилуур барьж байснаас өнөөдөр ковидын үед бидэнд тулгамдаад буй амьсгалын аппаратаас хэдийг нөөцлөөд бэлдээд тавьчих байсан юм гэдэг шүүмжлэл үнэн.
Эмч нар нь хүртэл цар тахлыг зогсоох мэргэжил арга зүйн зөвлөгөө хүргүүлсэн ч шийдвэр гаргах удирдлагууд хүлээж аваагүй халдварыг алдчихаад бидний буруутгаад байна. УОК, ЗГ удирдлагаар хангаж чадаагүй нь халдварыг алдахад хүрлээ гэж мэдэгдэж байна. Удирдлагаар хангаж чадаагүй хүмүүсийн нэг нь бас л С.Амарсайхан. Аль ч тохиолдолд цар тахалтай тэмцэж буй эмч, эмнэлгийн албан хаагчдаа улс төрдөө татан оруулж болохгүй. Харин МАН өөрсдөө дотооддоо чимээгүйхэн уугьж буй шар өвсний галаа гадагш алдчихгүй байх дээрээ л анхаар. Өвчний нөхцөл байдал та нарын улс төрөөс аюултай болчихоод байгаа тул Шадар сайдаа огцруулж оронд нь суух гээд байгаа хот, засаг, парламент тэргүүтнүүдэд байгаа гишүүдийнхээ "шунал" хүслийг яаралтай хангаж өгөөд ажил хийлгээд үзвэл яасан юм бэ. Суудлаа чөлөөлөх нь цаг хугацааны л асуудал юм биш үү.
Г.Лхагваа