Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг дэмжив

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

   УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

    Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батжаргал, Х.Булгантуяа нар төслийг баталснаар шаардлагатай тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг хаврын тариалалтаас өмнө оруулж ирж амжих эсэхийг тодруулав.

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, "Ноднин 11 дүгээр сард гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн үрийн буудай импортлох эрхийг олгосны зэрэгцээ Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан нийтдээ 16 мянган тонн улаан буудайн элит үрийг нөөцлөөд байна. Үүнийг тариаланчдад хөнгөлттэй үнээр өгнө. Түүнчлэн хаврын тариалалт тавдугаар сарын 15-нд эхлэнэ. Энэ хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжих учир цаг хугацааны хувьд хоцрох асуудал байхгүй" гэлээ.

    Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Төсөлд шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн татварыг хөнгөлөхөөр тусгасан юм. Дээрх хоёр хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.

Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчийг суллахыг уриалав
Мьянмарт баривчлагдсан Японы сэтгүүлчийг суллахыг уриалав
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.