Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн, шүлснээс COVID-19 халдварыг илрүүлэх шинэ оношлуурыг үйлдвэрлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас олгосон.
Тэгвэл "Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу ирэх Лхагва гарагт 10,000 оношлуурыг хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа"-г АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал Г.Батбаатар хэллээ. Иймд шүлснээс сорьц авах PCR шинжилгээний оношлуур хэрэглээнд нэвтэрч эхлэхээр боллоо.
Шүлсний сорьц цуглуулах сав нь 5 мл-ийн багтаамжтай бөгөөд нэг удаагийн шинжилгээнд 0.5 мл шүлс л хангалттай. Уг саванд удаан хугацаанд буюу нэг сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх, хадгалах боломжтой. Шүлснээс авсан сорьцыг 90 минутын дотор шинжлэх буюу шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарах боломжтой юм.
Шүлсний сорьц өгөх дараалал:
- Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсээ савны дунд хэсэг хүртэл хийх юм.
- Юүлүүрийг авч хаях бөгөөд дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг зөвхөн шингэн хэсгээр тооцно.
- Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг нь тооцохгүй бөгөөд шүлстэй савыг шинжилгээнд өгөх байдлаар шинжилгээний сорьц авах үйл ажиллагаа явагдах юм.