НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж буй Р.Дагвын хүү Д.Дөлгөөн 2021 оны хоёрдугаар сарын 01-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилогджээ.
Ингэхдээ Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилсон аж. Тус хуулийн 3.2-т аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг энэ хууль үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гэж заасан байдаг.
Төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны болон тусгай “албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж томьёолж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуульчлан тогтоож өгсөн байдаг.
Д.Дөлгөөний хувьд 11 хүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу Т3-9 гэсэн ангилалд багтаж буй. Тус албан тушаалд томилогдохын тулд юуны өмнө төрийн албанд найман жил, дараа нь дэс түшмэлээр дөрвөн жил ажилласан байх учиртай. Гэтэл Д.Дөлгөөн нь Хувийн өмчийн компанид нэг жил ажилласан туршлагатай талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.