“Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино” гэж В.И.Ленин хэлсэн юм гэнэ лээ. Мэдээж үзэл суртал, соёлын довтолгооны хамгийн том зэвсэг нь кино болж байсан учраас ингэж хэлэх нь зүйн хэрэг. Тэгвэл "Нэгдүгээр хүн" гэх нэгэн кино тун удахгүй нээлтээ хийж олон нийтийн анхаарлыг татах бололтой. Тодруулбал, өнгөрсөн хагас сайн өдрөөс хойш трейлер нь цацагдсан уг кинонд манайхны хэлж заншсан "хонгил" буюу хууль шүүхтэй холбоотой улс төрийн үйл явцыг харуулж, бүр нарийвчилбал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөтгөл болж магадгүй хэмээн сошиалд олон нийт үзэл бодлоо илэрхийлж эхлээд байна.
Нэр нь хүртэл анхаарал татах "Нэгдүгээр хүн" гэдэг киног Ерөнхийлөгчийн эсрэг МАН-аас явуулж буй далд бодлого, эсвэл Ерөнхийлөгчөөс өнгөрсөн үйл явдалд өгөх тайлбар байх уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Тун удахгүй IPTV сувгууд, эсвэл кино театр нээгдвэл дэлгэцнээ гарч бүх юм тодорхой болох биз.
Сонирхолтой нь 1.04 секундийн трейлерт өнгөрсөн хоёр дугаар сард олон нийтийн анхаарлын төвд орсон өмгөөлөгч Б.Баасанцогт, шүүгч Х.Идэр нартай холбогдох үйл явдалтай тун төстэй дүр, дүрслэлүүдийг өгүүлжээ. Хуульч Л.Баасандорж, шүүгч Итгэл гэх зэрэг киноны дүрүүдийн нэр бас сонирхол татаж байгаа юм. Мөн бидний мэдэх зарим хүмүүсийг амьдрал дээрх дүр төрхтэй төстэй өнгө байдлаар энэ кинонд илэрхийлжээ. "Нэгдүгээр хүн"-ийг МАН захиалчихсан уу, Ерөнхийлөгч бэлдчихсэн үү. Эсвэл болсон улс төрийн үйл явцын өрнөл тайлалыг уран бүтээлчид нь цэвэр харуулахыг хүсэв үү.
Дашрамд дурдахад улс төрийн намууд киног сонгуулийн PR-даа түгээмэл ашигладаг. Харин 4 жил тутам дуу хийдэг байснаа болчихож. Нэн ялангуяа МАН-ынхан киногоор дамжуулж олон нийтийн санаа бодолд нөлөөлөхдөө гаргуун. Жишээлбэл, Долоон бурхан харавдаггүй. Бүү март, Түүх мартахгүй зэрэг кинонуудыг бэлтгэж сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж байсан.
Харин 2009 оны сонгуулийн өмнө "Нянгар хаданд гарсан нь" гэх УСК-г тухайн үеийн АН-ынхан санхүүжүүлж хийлгэсэн гэдэг. Тухайн үеийн нийгмийн бүр тодруулбал нэгэн нэр дэвшигчийн уг натур, улс төрд явж ирсэн болон явахыг хүсдэг замыг шүүмжилж харуулсан уг кино эрх баригчдад таалагдаагүй тул тухайн үеийн МАХН-ынхан /одоогийн МАН/ нөлөөлж уг киног аль ч кино театр гаргахаас татгалзсан. Эцэст нь хэдэн телевизээр гараад дууссан түүхтэй.
Ч.Ган