Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрийн сүүл өдөр гарч ирээд "МАН миний саналын дагуу иргэддээ 300 мянган төгрөг өглөө. Сайн байна, гэхдээ багадчихлаа. Одоо ӨРХ БҮРД наймдугаар сарыг дуустал сар бүр 1 сая төгрөг олго" гэдэг санаачилга гарав. Ерөнхийлөгчийн "арга хэмжээ авах тухай" албан бичгийг хоёр өгүүлбэрт утгачилбал энэ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч анх өнгөрсөн оны 11 дүгээр сард өрх бүрд 1 сая төгрөгийг нэг удаа бэлэн мөнгө болон ваучер хэлбэрээр нэг удаа олгох талаар ярьж байсан бол өнөөдөр үүнийгээ сонгууль дуустал сар бүр тэтгэмж олгох болгоод өөрчлөөд ороод ирэв.
Энэ ч арай дэндээ. Сонгуулиар өрсөлдөгчөө дарж л байвал. Улсыг сүйрнэ үү, иргэд нь ядуурна уу огт хамаагүй бололтой. Ерөнхийлөгч оффшор бүсэд хууль бусаар нуусан 4 их наяд төгрөг орж ирэхэд бэлэн болсон гэж хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж байгаа. Гэтэл нөгөө талд нь Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар оффшороос нэг зоос ч орж ирээгүй гээд байсан. АТГ, хууль хяналтынхан өнөөдрийг хүртэл оффшороос мөнгө оруулж ирлээ л гэж мэдэгдээгүй. Уг нь 10 төгрөг ч байсан оруулаад ирсэн бол манай хууль хяналтынхан 10 их наяд оруулаад ирсэн мэт сурталдах байсан. Гэвч тэгсэнгүй. Өөрөөр хэлбэл яг өнөөдрийн байдлаар ямар ч мөнгө орж ирээгүй байхад Ерөнхийлөгч маань МАН-ын адил бас алаагүй баавгайн арьс нөмөрч хэвтэхийг хүссэн бололтой.
Ерөнхийлөгчийн 4 их наяд 540 тэрбумын өртөгтэй "баавгай" арьс
Гэхдээ Ерөнхийлөгчийн алаагүй баавгайн арьс МАН-аас арай том. Эдийн засагт илүү аюултай. Бараг л бүтээгээд алчих магадлалтай. Учир нь 2020 оны сүүлийн статистикаас харвал манай улс 908 мянга гаруй өрхтэй аж. Энэ бүгдэд сар бүр мөнгө олгоно. Тэрбээр өмнөх шигээ 300 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэнийг нь ваучераар гэсэн агуулга дурдсангүй. Шууд сая төгрөгийн нөхөн олговор олгоно, үүгээр ард түмэн маань үндэсний үйлдвэрээ дэмжинэ гээд өгүүлчихэж. Тэгэхээр 908 мянган өрхөд 4-8 сарыг дуустал 5 сарын турш сар бүр 1 сая төгрөг өглөө гэж тооцоход 908 тэрбумыг нэг сард зарцуулна. Нийт 5 сар үргэлжлүүлж нөхөн олговор гэгчийг олголоо гэхэд 4 их наяд 540 тэрбумыг ямар ч зарцуулалтгүй зах зээл рүү түлхэх нь.
4 их наяд 540 тэрбум гэдэг Монгол Улсын нэг жилийн төсвийн гуравны нэг. Энэ жил улсын төсвөө бид 13.9 их наяд байхаар тооцсон. Энэ 13.9 их наядаар хичнээн их бүтээн байгуулалт, цалин хөлс тавина гэж төлөвлөсөн бол. Гэтэл үүнийх нь яг гурваны нэгийг нь зүгээр л эзгүй элсэн цөлд хувинтай ус асгасан юм шиг цацах гэнэ.
Хоног өдрийг арай ядан өнгөрүүлж буй иргэдэд бол энэ сайхан сонсогдоно. Бараг 90 хувь нь дэмжинэ. Харин үүнийг даган гарах эдийн засгийн эрсдэлүүдийг тун удалгүй хонгоныхоо махыг урж өгч төлнө дөө. Бүх өргөн хэрэглээний барааны үнэ өснө, төгрөгийн ханш суларна, инфялцийн тухай нэг хэсэгтээ ярихаас ч бид ичнэ. Хоногийн хоолоо хүргэх гэж чардаасан 2021 оны 4 сарыг мөнгө тараасны дараах 2021 оны 9 сартай харьцуулахад байдал улам хүндэрсэн байх болно.
Оффшороос орж ирэх 4 их наяд, нөхөн олговорт сар бүр олгох нийт дүн 4 их наяд 540 тэрбум. Хачин сайхан таарч байгаа биз.
Эхлээд оффшорын мөнгийг НИЙГЭМЧЛЭЭД, дараа бидний хөрөнгийг нийгэмчилж магадгүй
За, ер нь Ерөнхийлөгчийн яриад байгаа оффшорын мөнгө ороод ирлээ. Ерөнхийлөгч маань лаг Деррик шиг ажиллалаа гэж бодъё. Тэгвэл тэр олон хүний нуусан мөнгийг нийгэмчилнэ гэдэг шиг булаагаад авчих юм уу. Тэр мөнгө дунд буруу, зөв аль аль гарынх нь мөнгө байгаа. Хэвлэлээр саяхан гарсан мэдээллээр бол Ерөнхийлөгчийн өөрийнх нь мөнгө ч байж болзошгүй гэсэн. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу. Байхгүй мөнгийг байгаа мэтээр тараах гэж байгаа чинь. Шүүх маргаан нь эцэслэгдэж, бүрэн манайх болоогүй 1 их наяд 26 тэрбумыг нэг шөнийг бороо шиг зах зээл рүү цацсан МАН-аас ялгарах зүйл огт алга. МАН энэ тэнэглэлээ хөл хорионд зориулсан гэж тайлбарлаж байгаа ч сонгуульд зориулсан гэдэг нь уншигдаад байгаа. Ерөнхийлөгчийн 4 их наяд 450 тэрбумын асуудал ч бас сонгуульд зориулсан мөнгөний амлалт. Ялгарах зүйл огт алга.
Энэ их халамжууд энэ улсыг хөмрүүлэх, самрах, нураах эхлэл
Тээр жил АН, МАХН /одоогийн МАН/ хоёр уралдаж ирээд л "Эрдэнийн хувь", "Эх орны хишиг" гэж амлаад сонгуульд "салам" үзэлцээд шанд нь эдийн засгаа. элгээр нь хэвтүүлж билээ. Өмнөх сонгуулиар нь хүүхдийн мөнгө гэдгийг санаачлаад, МАН дараа нь даагаа нэхэж шинэ төрсөн хүүхэд, шинэ гэр бүлүүдэд мөнгө олгоно гэж шоудсан. Энэ шоу тэмцээний гороор 2008-2012 онд Монгол Улс гурван их наяд орчим төгрөгийг зөвхөн бэлэн мөнгөний амлалт хэрэгжүүлэхийн төлөө иргэдэд үнэгүй тараасан байдаг.
Өнөөдөр та бүхний тараасан халамж ирээдүй хойчийн маань нуруунд ачаа л болно азийн жинхэнэ бар улсыг босгосон Ли Куан Ю өгүүлсэн байдаг. Энэ их халамж чинь манай улсыг хөмрүүлэх, самрах, нураах эхлэл. Их наядаар тоологдох халамжид нь живүүлсээр явж явж тусгаар тогтнолын асуудал яригдана вий.
Г.Лхагваа