Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд цар тахал, тусгаарлах байраар бизнес хийдэг этгээдүүдийг зарлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

        Шадар сайд С.Амарсайханыг гэр бүлдээ давуу байдал олгосон гэдэг шалтгаанаар олон нийт огцрохыг шаардаж байгаа. Тэгвэл хариуцлага нэхсэн сэтгүүлчийн асуултад өнгөрсөн долоо хоногт нэгэн сонирхолтой хариултыг тэрбээр өгсөн.

       Тэрбээр "Харин би нэг зүйлийг хатуу хэлж байгаа. Хатуу хариуцлага тооцох тал дээр зарчимтайгаа, үзэл бодол, үнэт зүйлтэйгээ бол зууралдана аа. Цар тахлаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээдүүд. Цар тахлын цаана тусгаарлах байраар бизнес хийдэг нөхдүүд гээд салбар салбарт бугшсан нөхдүүд намайг зайлуулахын тулд зохион байгуулалттай ажиллаж байна. Өөрсдийн хууль бус үйлдлийг нуухын тулд Амарсайханыг харлуулаад байвал болно гэж бодоод байх шиг байна"  гэв.

       Хэрэв түүний үг үнэн бол цар тахлын аюулыг давч гарах гэж мунгинаж байгаа бидний дунд цар тахлыг ашиг хонжоо болгож байгаа хүйтэн сэтгэлтнүүд байгаа аж. Тиймээс Шадар сайд хэлсэн үгэндээ эзэн болж, улсынхаа эсрэг гэмт хэрэг хийж буй нөхдүүдийн нэрийг зарлах шаардлагатай.

     Коронавирусийн халдвар 2020 оны 1 дүгээр сарын 20-ноос хойш эрчимжиж эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл цар тахлын эсрэг бүхий л ажлыг Ардын нам "хар толгой"-гоорой хариуцаж байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон дараагийн Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай цар тахлаар бизнес хийдэг, тусгаарлах байраар ашиг хонжоо олдог асуудал холбоотой юу. Эдгээр хүмүүсээс өөр цар тахлын энэ үйл ажиллагаанд гар бие оролцоогүй гэхэд болно.

    Хамгийн сүүлийн мэдээллээр гэхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг тасгийн өвчтнүүдээс шинжилгээ авахад тал нь сөрөг гарсан. Сайдад нь үүнийг хэлэхэд Т.Мөнхсайхан сайд "Төрийн албан хаагч юм бол амаа хамхиад, дуугүй яв. Чамд анхаарууллаа шүү" гэсэн гээд доктор Д.Ганзориг хэвлэлд мэдээлэл мэдээлэл өгчихсөн байна. Үнэхээр эмчилгээний мөнгийг, тусгаарлах байрны төлбөр гээд төрөөс "гоожиж" буй крантыг өөрсдийн поошиг руу цутгах ажлыг С.Амарсайханы өмнөх Шадар сайдууд, Эрүүл мэндийн сайдууд хийчихсэн хэрэг үү.

       Мөн цар тахлын үеэр 20,000 ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг гурав хоногийн хугацаатай зарласан зэргээс харахад Ковидын эсрэг хуулийг эш татаж ямар ч сонгон шалгаруулалт, тендергүйгээр худалдан авалтууд маш их хийгдсэн. "Энх саран" сувлалаас эхлээд ноцтой алдаа гарсан. Хандив тусламж болон төсвийн мөнгийг өнгөрсөн нэг жилд баруун солгойгүй цацсан. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 5.1 их наяд төгрөгийг цар тахалд хэрхэн зарцуулсныг тайлагнахыг шаардаж байв. Өөрөөр хэлбэл хараа хяналтгүй асар их мөнгийг цар тахал гэсэн далбаа дор хамаа замбараагүй үрэв. Энэ зарцуулалт дээр алдаа гарсныг С.Амарсайхан сайд та өгүүлээд байна уу. Хэрэв тийм бол хэн хэн, хаана ямар байдлаар хэдэн төгрөгийг хувьдаа болон бусдад зувчуулсан гэдгийг Шадар сайд та илчлэх үүрэгтэй. Таны хэлснээр тийм хэрэг өдүүлсэн намын нөхөд чинь өөр рүү чинь зохион байгуулалттай дайраад байгаа биз дээ. Мэдсээр байж нууна гэдэг нөгөөдүүлтэйгээ адилхан гэмт хэрэг юм шүү Шадар сайд аа.

Ч.Ган

Бразилд коронавирусний улмаас 350'000 гаруй хүн нас баржээ
Бразилд коронавирусний улмаас 350'000 гаруй хүн нас баржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.