Карибын тэнгисийн Сент-Винсент арал дээр оршдог Ла Суфриер галт уул дэлбэрсний улмаас олон мянган хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрчээ. Ла Суфриер уул нь сүүлийн хэдэн арван жилийн турш идэвхгүй байсан боловч өнгөрсөн оны 12 дугаар сараас идэвхжил ажиглагдаж, энэ долоо хоногт дээд цэгтээ хүрсэн байна.
Галт уул зургаан километрийн өндөрт үнс нурам цацсан бөгөөд баасан гарагт хоёр удаа дэлбэрчээ. Сент-Винсент ба Гренадины Улаан загалмай нийгэмлэгийн дарга Дора Жеймсийн “CNN” сувагт мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас хэн нэгэн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл алга байна.