Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан цэргүүдийг эрэн сурвалжилж байна
Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214-р ангийн хугацаат цэргийн албан хаагчид өнгөрсөн шөнө /2021.04.08/ 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, 19 настай М, Х нар харуулын дарга 34 настай Г-г АКМ буугаар хэд хэдэн удаа буудаж амь насанд нь хүрчээ.
Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд цэргүүдийг эрэн сурвалжилж байна. Хэргийн талаар ХХЕГ-аас албан ёсны мэдээлэл өгнө гэлээ.
Зэвсэгтэй учраас болгоомжтой хандаж байгаа
НЭМЭЛТ 10:02 ЦАГТ
Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас тодруулахад Харуулын даргаа хөнөөгөөд зэвсэглээд зугтсан цэргийн албан хаагчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зэвсэгтэй учраас болгоомжтой хандаж байгаа гэлээ.
Цэргийн албан хаагчид 47 сумтай 2 буу авч зугтжээ
НЭМЭЛТ 11:30 ЦАГТ
Говь-алтай аймгийн 0214-р ангийн Баянтооройн заставын хоёр байлдагч харуулын даргынхаа цээжин тус газарт гурван удаа буудаж, амь насыг нь хохироогоод 47 сумтай 2 буу авч Хурд нэртэй улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклтой зугтсан байна.
НЭМЭЛТ 12:52 ЦАГТ
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү энэ асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 22:58 цагт Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт "Хилийн цэргийн дугаар ангийн постон дээр хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч хэргийн газарт ажилласан.
Ингэхэд харуулын дарга ажилтай 34 настай хүн буудуулсан байдалтай нас барсан, харуулын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид галт зэвсэгтэй хэргийн газрыг орхин явсан нөхцөл байдал тогтоогдсон. Аймгийн цагдаагийн газар, хилийн цэргээс гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
Цэргүүдийн байршлыг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд иргэнийг сүрдүүлж, мотоциклийг нь булаасан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тухайн цэргүүд байлдааны галт зэвсэгтэй байгаа нь аюултай. Замдаа бусдад болон өөрсдөдөө хохирол учруулах эрсдэлтэй учраас онцгой анхаарал хандуулан, баривчлахаар ажиллаж байна. Хилийн цэргийн ангийн ойролцоо байгаа иргэдэдээ болгоомжтой байхыг зөвлөе" гэлээ.