УОК-ын хуралдаанаас дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд хөл хорио тогтоох санал гаргасан. Хөл хорио тогтоох эсэх Засгийн газрын шийдвэрийг танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Цар тахлыг туулах цорын ганц арга бол вакцинжуулалт юм. Монгол Улс дархлаажуулалтаараа Азийн улсуудаас дээгүүр байранд явж байна. Дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Вакциныг бөөнөөр нь татаж болохгүй. Вакцин үйлдвэрлэгч улсууд эскпортоо зогсоосон. Үүнээс шалтгаалаад вакцинжуулалт удаашрахаар байна. Эхний тунг хийгдэхэд эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирнэ. Эхний тунд хамрагдсан иргэд хоёр дахь тунд хамрагдсанаас 14-21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно. Энэ хугацаанд халдвар авахгүй байхыг хичээх хэрэгтэй байна. Хөл хорио тогтоохгүй байхын аль болох хичээсэн ч вакцинжуулалтаа үр дүнтэй болгохын тулд дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд буюу 15 хоногийн хугацаанд "Улаан" түвшинд шилжиж, хатуу хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлчийнх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна" гэлээ.