Гадаад харилцааны яамны хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын иргэдийг БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор монгол иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулжээ. Тус ажиллагааны үеэр сэжиг бүхий нэг зорчигчийг илрүүлэн тусгаарласан талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлэв.
Энэ үеэр Мэргэжлийн хяналтын байгууллага чиг үүргийн дагуу хяналт тавин зорчигчдын биеийн дулааныг хэмжин асуумж тандалт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийлээ.
Зорчигчдыг автобуснаас 5, 5-аар нь буулган ариутгал, халдваргүйтгэл хийсэн бөгөөд биеийн дулааныг тус бүр 4 удаа хэмжиж, халдварт өвчний сэжигтэй нэг зорчигчийг илрүүлэн тусгаарлаад байна.
Тус иргэн нь БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй байгаа аж. Замын-Үүд сумын Онцгой комиссын шийдвэрээр бусад 103 хүнийг түр хяналтад авчээ.
Дорноговь аймгийн Замын-Үүдийн автозамын шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 15-ны өдөр гурван автобусаар татан авч, 104 зорчигч, 3 жолооч хилээр нэвтрүүлсэн ажээ.