Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн шадар туслахаа шүүгчээр томилох гэж байгаа тухай мэдээлэл цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээж байна. Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны хоёр сарын 25-ний өдрийн 15-р тогтоолд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Лүндэнбазар овогтой Түвшинжаргалыг томилуулахаар нэр дэвшүүлсэн нь олон нийтэд ил боллоо. Үе үеийн Ерөнхийлөгч нар шүүх, хуулийн байгууллагад хутгалдаж ирсэн нь үнэн. Урьд өмнө ямар ч Ерөнхийлөгч өөрийн шадар туслахаа шүүгчээр томилж байгаагүй.
Ингэхэд шүүгчээр томилогдохоор нэр дэвшсэн Л.Түвшинжаргал гэгч нь хэн бэ? Энэ талаар хэдэн баримтыг сийрүүлье.
Л.Түвшинжаргал нь 2006 оноос хойш Х.Баттулгыг дагаж гишүүн байхад нь ордонд, сайд байхад нь яам дээр туслахаар нь ажиллаж ирсэн одоо Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байгаа нэгэн аж. Өөрөөр хэлбэл хууль, шүүхийн байгууллагын талаар “А” ч байхгүй гэж хэлж болохоор Х.Баттулгын тэмээнээс том тэмдэгтэй туслах нь юм.
Мөн 2016 онд цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Л.Түвшинжаргалыг баривчлан саатуулж улсад 5 тэрбумын төгрөгийн хохирол учруулсан гэх асуудлаар шалгаж байсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал түүнийг шинэ төмөр зам төсөлтэй холбоотойгоор бусдыг залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн “натур френдли” ХХК-ийн 3 ажилтантай хамт баривчилж байжээ. Гэвч уг хэрэг нь удалгүй сураг алдарч, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсноор бүр дарагдсан бараг хаагдсан гэх мэдээлэл бий.
Түүнтэй холбоотой будлиантай мэдээлэл үүгээр дуусахгүй. УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ “Ерөнхийлөгчийн шадар туслах Л.Түвшинжаргал “С.Эрдэнэ даргаа тантай яаралтай уулзаж юм өгье” гэсэн. Ингээд бид наадамд центр уулзахад надад нийслэлийн прокурорын газраас миний хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг өгсөн. Яахаараа нийслэлийн прокурорын тогтоолыг Ерөнхийлөгчийн шадар туслах аваад явж байдаг юм бэ?” гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Ийм адармаатай хүнийг шүүхийн ерөнхий зөвлөл хэрхэвч нэр дэвшүүлэхгүй нь ойлгомжтой. Энэ явдал нь Ерөнхийлөгч Х.Баттулга “шүүхэд нөлөөлдөггүй” гэж ярьдаг нь худлаа болохыг нотолж байгаа юм.
Ерөнхийлөгч өөрийн шадар туслахаа шүүгчээр томилуулах гэж байгаа энэ асуудалд дараах дүгнэлтийг хийж болохоор байна.
Нэгдүгээрт Х.Баттулгад үнэхээр хүний нөөц алга. Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Х.Баттулгад хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л бий” гэж хэлсэн удаатай. Мөн УИХ-ын гишүүн. Ч.Хүрэлбаатар “Х.Баттулга нэр дэвшихээ баталгаажуулах оролдлогыг хийх цаг хугацаа, боломж зөндөө байсан. Түүнд ердөө сайн хуульч л хэрэгтэй байв. Гэхдээ түүнд хүчээ өгчих сайн хуульч огтхон байгаагүйг түүний удаа дараагийн хоригууд тодорхой харуулсан. Х.Баттулга бүх боломжоо өөрөө алдсан, хэрэгтэй цаг хугацааг өнгөрөөсөн, хийх ёстой зүйлээ хийж чадаагүй” гэж хэлсэн удаатай.
Өмнөх Ерөнхийлөгч нар өөрсдийн шүүгчтэй байж ирсэн. Үүнийг хонгил гэх мэтээр тайлбарлаж байгаа нь оргүй зүйл биш. Гэхдээ тэдэнд сайн хуульч, өмгөөлөгч, шүүгч нар олддог байв. Хэн нь ч өөрийн туслахаа шүүгчид зүтгүүлж доошоо орж байгаагүй.
Хоёрдугаарт Х.Баттулгаас шүүгчид, хуулийн байгууллагынхан зайгаа барих болсон нь тодорхой харагдаж байна. Хууль шүүхийн байгууллагынхан болдоггүй этгээдтэй хэлхэлдэж явахыг хүсдэггүй. Тийм болохоор түүнд хадаг барьж, хамтран ажиллах сонирхолтой хуульч, өмгөөлөгч, шүүгч алга байна. Түүнээс болгоомжлох болсон тухай мэдээлэл 2020 оны сонгуулиас хойш хүчтэй сонсогдож байгаа. 17 чингэлэг спиртээс эхлээд маш олон удаагийн хэрэг төвөг, хэл аманд холбогдож ирсэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буухад л дараа дараагийн шалгуулах асуудал хүлээж байгаа нь тодорхой.
Ийнхүү өдрөөс өдөрт түүний тоглолтын талбай жижгэрсээр улс төрийг улам сонирхолтой болгосоор байна
Ч.Ган