Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энхтүшиг: Цэргийн ангийн сэтгэлзүйчдэд ажлаа хийх хараат бус орчин хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 3 секунд

 

Мягмар гарагт УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Зэвсэгт хүчний шанжин штаб болон холбогдох байгууллагуудын удирдлагуудын бүрэлдэхүүн нээлттэй хуралдаж цэргийн албан хаагчидтай холбоотой сүүлийн үед шуугиан дагуулаад байгаа мэдээллийн талаар болон авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр цэргүүдийн сэтгэлзүйн байдал тааруу байгаа талаар дурдсан бөгөөд энэ сэдэвтэй холбоотойгоор цэргийн ангийн сэтгэлзүйчээр ажиллаж байсан сэтгэлзүйч Л.Энхтүшигтэй ярилцлаа.


-ДХИС-д элсэх Сэтгэл судлалын хөтөлбөрийн танилцуулга дээр элсэгч сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гэсэн шаардлага байдаг. Энэхүү шалгуурыг хэрхэн үнэлж сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй болохыг тодорхойлдог вэ? 
-Би хугацаат цэргийн албан хаагч байсан. Түрүүч болсон, дараа нь офицер болсон. Салаан даргаар ч ажиллаж байсан. Их сургуульд элсэх хилийн цэргийн мэргэжилтэн буюу офицер, алба хаагч болон хугацаат цэргийн албан хаагч болохоор зэхэж байгаа сонгон шалгаруулалт буюу тухайн татлагын үеэр цэргүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг шалгах ямар ч боломж байдаггүй. Тэр үеэр мэдрэлийн хариу үйлдлүүд нь хэвийн байгаа эсэхийг л шалгадаг. Тэгэхээр сэтгэцийн хувьд эрүүл эсэх, хувь хүний асуудалтай эсэхийг шалгах боломж байхгүй. Учир нь хугацаат цэргийн алба хаагч болох гэж байгаа, офицер болох гээд их сургуульд орох гэж байгаа маш олон хүн зэрэг ирдэг. Тэнд ганц хоёрхон эмч эсвэл сэтгэлзүйч бүгдийг нь шалгах боломжгүй. Шалгаж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй л болохоос цаанаа үр дүнгүй ажил гэж би хардаг. 
-Таны хувьд сэтгэлзүйчээр сурж төгссөнийхээ дараа цэрэгт явсан уу?
-Тийм, сургуулиа төгсчихөөд 23 настайдаа явсан.

-ЧИ ЭР ХҮН БОЛОХООР ХАТУУ ЧАНГА БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ОЙЛГОЛТТОЙГООР ӨДИЙГ ХҮРСЭН-


-Тэгвэл сэтгэлзүйч мэргэжилтэй хүний хувьд цэргийн алба хаах нь ямар онцлогтой байсан бэ? 
-Цэргийн албанд хүнийг гуйж харьцдаггүй. Хоолоо идчих, хувцсаа өмсчих гэж харьцдаггүй. Дэлхийн хаана ч ийм л байдаг. Албадлагаар, шаардлагаар, тушаал биелүүлдэг. Хүний хүсэл эрмэлзэл ямар байгаагаас үл шалтгаалдаг ийм ажил. Гэхдээ манайд бий болсон соёлын нөлөөгөөр буюу миний хувьд энэ соёлыг Оросоос нэвтэрсэн гэж үздэг. Зэвсэгт хүчний бодлого, түүнийг тодорхойлж байгаа хүмүүс шат шатандаа ажиллаж байгаа удирдлагууд ихэвчлэн ОХУ-д төгссөн байдаг. Одоо хүртгэл офицеруудыг ОХУ-л бэлтгэдэг хэвээр. Зах даавууны ойлголт л гэхэд цэвэр Оросоос орж ирсэн. Соёл талаас нь авч үзвэл ийм байна. Үүнийгээ дагаад сүүлийн үед их ярьж байгаа жендэрт суурилсан хүчирхийлэл буюу "Чи эр хүн болохоор хатуу чанга байх ёстой, цэрэг учраас гоншигонуур байж болохгүй" гэсэн ойлголттойгоор өдийг хүрсэн. Үүний үр дүн нь одоо гарч байна. Тэр 25 настай залуу офицер урьд өмнө цэргүүдээ дарамталж, цохиж, зоддог л байсан байж таарна. Тэр хүний тухай хэн нэгэн хүн гомдол гаргаагүй. Хэрэв гомдол гаргавал ичгэвтэр муухай зүйл болно гэсэн ойлголттой. Тиймээс энэ соёл нь тэнд юу болоод байгааг илэрхийлэхэд хязгаар болоод байгаа юм.

-Цэргүүдийн сэтгэл зүйн онцлогийн талаар?
-Цэргийн албанд илэрдэг сэтгэлзүйн онцлог байдаг. Жишээ нь, хуучнаар карентин гэж ярьж хэвшиж сурсан цэрэг болоход бэлтгэдэг 30-45 хоногийн хугацаа байдаг. Энэ хугацаанд хүн бие, сэтгэлзүйн хувьд ачаалал авдаг учраас ядрах, шантах тохиолдол байдаг. Үүнээс хойш өмнөх оны цэргүүдтэйгээ цуг байрлаж тэдний тушаал, зааврыг биелүүлэх шаардлагатай болдог. Үүн дээрээс харилцааны зөрчлүүд гарна. Нийгмийн ялгаатай байдлуудаас шалтгаалан өөр өөр зан авир гарахыг би үгүйсгэхгүй. Энэ зүйл бол миний туршлага дээр байсан. Олон жилийн өмнөөс оны ялгаа, цэргийн ангид болж байгаа хүчирхийллийн асуудлууд гарч байсан учраас энэ чиглэлээр сэтгэлзүйч офицер бэлтгэдэг мөн цэргийн ангид офицер биш энгийн сэтгэлзүйчийг ажиллуулдаг орон тоо бий болсон. Эдгээр хүмүүс ажиллаж байгаа нь нэг талдаа сайшаалтай. Гэхдээ нөгөө талдаа бодлогын алдаа дутагдал байдаг. Тэр нь юу вэ гэхээр, бүх цэргийн ангид социологич, сэтгэлзүйч мэргэжилтнүүд байгаа. Гэхдээ тэр хүмүүс нь офицер эсвэл ахлагч болчихдог. Тэгэхээр нөгөө салаан захирагч, орлогч, ангийн удирдлагуудтай нэг түвшний хүн болоод тэдний талд ажилладаг хүн шиг ойлгогдох гээд байгаа юм. Хууль зүйн сайд байсан Л.Тэмүүжингийн санаачилсан цэргийн анги дээр байгаа энгийн ажилчид буюу нягтлан бодогч, сэтгэлзүйч зэрэг ажилтнуудыг заавал офицер болголгүй энгийнээр нь байлгая гэсэн шийдвэр зөв байсан гэж би хувьдаа хардаг. Тэгэхээр цэргийн ангид ажиллаж байгаа сэтгэлзүйч тэр хүмүүсийн дунд орчихоор ашиг сонирхлын зөрчлийн шинж чанартай асуудалтай болчихдог. Цэрэг гэмтэх эсвэл хүчирхийлэлд өртсөн талаар сэтгэлзүйч мэдээлэл аваад түүнийгээ удирдлагууддаа мэдээлчихвэл цуг ажиллаж байгаа найзуудыгаа шийтгүүлэхээр болдог. Тэгэхээр энэ бол ашиг сонихлын зөрчил юм. Иймээс бодлогын түвшинд энэ байдлаас сэргийлж чаддаггүй. Хоёрдугаарт, анги даяар ийм асуудал гарвал тэр хэлсэн хүнийг ичгэвтэр үйлдэл хийсэн гэж үзээд тал талаас нь хавчдаг. Үүнийгээ дагаад тухайн цэргийн ангид ажиллаж байгаа сэтгэлзүйчийн нэр хүнд хамгийн муу байдаг. Ажлын чиг үүргийнхээ дагуу цэргүүдийн талд орж ажиллах ёстой. Чиг үүргийнхээ дагуу ажлаа хийхээр цаад хүмүүс нь "Чи матаач хийдэг" гэж үзээд гадуурхдаг. Нөгөө талаас тэр хэрээр мундаг, чадварлаг, тухайн ангийн алба хаагчдад нөлөөлдөг сэтгэлзүйчид хэрэгтэй байгаа. Гэтэл чадварлаг сэтгэлзүйчид тэнд очиж ажиллах нь бага. Учир нь тэнд ажиллах нөхцөл нь хүнд, цалин бага гэсэн шалтгаанууд байдаг. 

-Тэгэхээр цэргийн анги дээр ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг удирдлагуудаас хараат бус байлгахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Бодлогын түвшинд яамдууд, УИХ-ын гишүүд, байнгын хороо, хүний эрхийн хороо гээд хүмүүс ярилцаад байгаа юм. Тэд маш том газар дээр буухгүй зүйлийг яриад байна. Практик дээр сэтгэлзүйчийн ажлын орчин, цалин хөлсийг яаж шийдвэрлэх талаар ярилцах хэрэгтэй. ДХИС бол Хилийн цэргийн сэтгэлзүйч офицер бэлтгэдэг сургууль. Миний практикаар хугацаат цэргийн албан хаагч байсан хүний хувьд тэдгээр хүмүүс сэтгэлзүйн мэдлэгийн түвшинд хангалтгүй гэж би хардаг. Хийж байгаа ажил нь ердөө долоо хоногт нэгээс хоёр удаа гитар тоглох, долоо хоногт нэг болдог соёлын цагаар хөгжөөсөн, эсвэл ар гэрлүү нь захиа бичүүлдэг иймэрхүү л ажил хийдэг. Энэ ажлыг ингэж л хийх ёстой гэж үеийн үед ойлгосоор ирсэн. Гэтэл тэнд сэтгэлзүйч маш олон бүтээлч ажлуудыг хийх боломжтой. Нөлөөлөх ажлуудыг шинжлэх ухааны аргачлалын дагуу хийх хэрэгтэй. Түүнийг эзэмшсэн офицерууд байгаа эсэх нь эргэлзээтэй. 

-Мягмар гарагт болсон хэлэлцүүлгийн үеэр ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг цэргийн арми даяар ердөө нэг л мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж байна гэж хэлсэн. Энэ үнэн үү?

-Цэргийн анги бүр дээр сэтгэлзүйч офицерууд бий. Тэдний мэргэжлийн ур чадварын асуудал нь чухал. Мөн дээр дурдсанчлан ажлын орчин нь хамгийн чухал. Удирдлагуудын дунд бус цэргүүдийн дунд ажиллах ёстой.

-МАНАЙ ЗАСТАВЫН ОРЛОГЧ ӨӨРӨӨ ТЭР АНГИЙН СЭТГЭЛЗҮЙЧ МӨРТЛӨӨ ЭХНЭРЛҮҮ НЬ МУУХАЙ ХАРСАН ГЭСЭН ШАЛТГААНААР МИНИЙ НҮҮРЛҮҮ ЦОХИЖ БАЙСАН-

 

-Таныг цэргийн ангийн сэтгэлзүйчээр ажиллаж байх үеэр энэ мэт хэргүүд тохиолдож байв уу?
Би өөрийнхөө туршлагаас хуваалцъя. Тухайн үед би түрүүч байсан юм. Манай заставын дарга амралтаа аваад явчихсан байсан үе. Надад халагдахад сар гаруй хугацаа үлдсэн байсан юм. Манай заставын орлогч намайг эхнэрлүү нь муухай харсан гэсэн шалтгаанаар миний нүүрлүү маш олон удаа цохиж байсан. Би тэр олон хугацаат цэргийн албан хаагчийг төлөөлж байгаа түрүүч хүний хувьд ямар нэгэн үйлдэл хийгээгүй номхон зогсож байгаад цохиулсан. Тэр үед би юу ч дугараагүй байсаар байгаад халагдсан. Одоо бодоход тэр их инээдтэй зүйл байж. Тухайн үед тэр ангийн орлогч "Удирдлагуудад битгий хэлээрэй" гэж гуйсан учраас би хэлээгүй. Энэ мэт хэлээгүй, нуун дарагдуулсан маш олон тохиолдлууд бий. "Чи хэлэх юм бол эр хүн биш шүү" гээд байгаа нь цаашлаад хүний амь насанд хүрэх гэмт хэрэг болоод байна. Тэр орлогч маань уг нь өөрөө тэр ангийн сэтгэлзүйч байсан мөртлөө намайг зодоод байгаа байхгүй юу /инээв/. Бодит байдал амьдрал дээр ийм л байна. Үүн дээр нэг зүйл нэмж хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл  цэрэг, хууль сахиулахын салбарт хамгийн их байдаг. Гэр бүлийнхээ хүрээнд хүчирхийлэл үйлдэх тохиолдол их байдаг талаар судалгаа ч байдаг. 


-Цэргийн албанд явахаар үзлэгт орж байгаа залуусаас авдаг сэтгэлзүйн тестийн асуултууд чанарын хувьд сул байдаг. Үүнийг чанаржуулах талаар хэрхэн анхаарах вэ? Тухайн асуултууд илүү чанаржвал цэргийн албанд тэнцэх хүмүүсийн тоо буурна гэж ойлгож болох уу?
-Бид хүний нөөцийн асуудал яриад байгаа юм. Цэргийн алба хаагч ч мөн адил тэнд ажлаа хийж байгаа хүний нөөц. Тэгэхээр хүний нөөцийн асуудлыг би илүү тодорхой авч үзэх хэрэгтэй гэж боддог. Жишээ нь манай улсын хугацаат цэргийн албан хаагчид яг ямар үүрэгтэй байхыг хамгийн түрүүнд тодорхойлох ёстой. Монгол цэргүүд бүхий л төрлийн ажлуудыг хийж байна. Танихгүй нэг залхуу айлын хөрзөнг нь хүртэл хуулах ажил хийдэг. Тэгэхээр яг юу хийхээ нэгдүгээрт тодорхойлно, үүнийхээ дагуу манай байлдагч, ахлагч, офицерууд ямар ур чадвар, мэдлэг туршлагатай байхыг тодорхойлно. Ийм ур чадвар, мэдлэгтэй хүн зан төлвийн хувьд ямар байхыг судалгааны үндэслэлтэйгээр гаргаж ирэх ёстой. Ингээд хүмүүсээ шилж авахын тулд өнөөх тестүүдээ ашиглаж сонгон шалгаруулдаг болох хэрэгтэй. Ингэхээр тодорхой хэмжээний хүмүүс шигшигдээд багасах байх. Магадгүй хяналтын тоондоо хүрэхгүй асуудал ч гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүн дээр ерөөс хаа хамаагүй хүмүүсийг сонгож авч болохгүй. 

-ГЭМГҮЙ, ТӨЛӨВ ДАРУУ НЭГНИЙГ АЙХАВТАР ХҮМҮҮСИЙН ДУНД ОРУУЛЧИХААР ДАГААД АЙХАВТАР БОЛЧИХДОГ-


-Таны түрүүн хэлсэнчлэн цэргийн ангиуд болон офицер, ахлагч нарыг бэлтгэж байгаа сургуулиуд дотоод соёлын асуудлаа юун түрүүнд шийдэх хэрэгтэй бололтой.
-Миний бодлоор цэрэг арми дахь жендэрт суурилсан хүчирхийллийг багасгахын тулд офицер, ахлагч бэлтгэж байгаа их сургуулиуд өөрсдийн сургууль доторх соёлоо эхлээд засах ёстой гэж боддог юм. Дотоод соёлоо өөрчилж ядаж хүний эрхийн мэдрэмжтэй боловсон хүчин төгсгөх хэрэгтэй. Юу хийж болох, болохгүй талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэсэн хэдий ч сайн, чамбай бэлтгэгдсэн офицер, ахлагч нар буруу соёлтой цэргийн анги, хамт олон дээр очихоороо өнөөх их сургуульд эзэмшсэн зүйл нь шууд алдагддаг. Үүнийг сэтгэл судлалын маш олон сонгодог судалгаануудаар батлан гаргаж ирсэн. Гэмгүй, төлөв даруу хүнийг айхавтар хүмүүсийн дунд оруулчихаар дагаад айхавтар болчихдог. Тэгэхээр бид соёлын түвшинд л үүнийг засах ёстой. 
 

УОК хуралдаанаа хойшлууллаа
УОК хуралдаанаа хойшлууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.