Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүн гарчээ. Хүн ам 3 сая 296 мянга 866, өрхийн тоо 897 мянга 427 болжээ. Энэ нь 2010 оны улсын тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн гэсэн үг юм. Нийт хүн амын 31.5 хувь нь 0-14, 64.4 хувь нь 15-64, 4.1 хувь нь 65, түүнээс дээш насныхан байна. 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа нь нийт хүн амын 3.3 хувь. 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдардаг.
Суурин хүн амын 87.8 хувь нь гар утастай, 64.7 хувь нь интернэт хэрэглэдэг. Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 9.9 хувьтай байгаа бөгөөд Дорнод аймагт хамгийн өндөр буюу 20.8, Баян-Өлгий аймагт 15.2, Улаанбаатар хотод 14.5 хувьтай гэсэн дүн гарчээ.