УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төсөлд, "Хүүхдийн төлөө фонд"-ыг сэргээн байгуулж, сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу авто тээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар захиалах эрхийг үнэ хаяцуулан борлуулж сангийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр зохицуулсан байна. Үүнээс гадна хандив, тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлогоос бүрдүүлэхээр тодорхойлжээ.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийг дагалдуулах Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлснийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд дэмжээгүйг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулгадаа тэмдэглэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Хүүхдийн төлөө фонд байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, сангийн орлого бүрдүүлэх асуудлыг илүү өргөжүүлэх боломж бий эсэхийг тодруулав. Тухайлбал, байгалийн баялгийн тодорхой хувь, архи, тамхины онцгой албан татварын хувийг хүртээх, тус санд хандив өргөсөн аж ахуйн нэгжийг татвараас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг үр дүнтэй арга байгааг дурдав.
Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад хариулахдаа, "Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ, тус санг гурван эх үүсвэрээс бүрдэхээр заасан. Тодруулбал, авто тээврийн сонирхол татахуйц улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулсан орлого, хандив, тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлогоос бүрдүүлэхээр тодорхойлсон. Тусгай сангийн орлогод төсвийн орлого, татварын хувь хэмжээ зааж бүрдүүлэх нь олон улсад зөв арга биш юм билээ. Тиймээс Засгийн газар сангийн эх үүсвэрийг тодорхойлохдоо дээрх заалтыг оруулсан. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал НӨАТ-ын нэг хувийг тус санд төвлөрүүлэх санал оруулсныг Байнгын хороо дэмжээгүй" хэмээв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, энэ сангаар олон улсын наадамд оролцох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих талаар гаргасан УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн зарчмын зөрүүтэй саналыг дэмжихыг хүслээ. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Байнгын хорооны хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан саналыг мөн дэмжээгүй, гэхдээ гишүүдийн саналыг агуулгаар нь нэгтгэвэл дэмжих бололцоотой гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хуулийн төсөлд зөвхөн бүтээн байгуулах ажил гэж тусгалгүйгээр, багшийн хөгжил, боловсрол, хүмүүжлийн контент бүтээх зэрэгт зарцуулж болох эсэхийг асуув. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, "Монгол Улсын төсөвт хүүхэдтэй холбоотой олон зардал хуульчлагдсан байдаг. Ялангуяа боловсролын чиглэлээрх контент, хүмүүжлийн асуудал Боловсрсолын сайдын багцад нэлээдгүй ордог. Хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдэхтэй холбоотой асуудлыг ХНХ-ын сайдын багцад суулгадаг. Тиймээс Тусгай сангийн тухай хууль маш тодорхой, цөөн зүйлд төвлөрөх нь үр дүнтэй байдаг. Тодорхой хэмжээний мөнгө тавьчихаад, олон зорилт тавих нь үр дүнд хүрэхгүй. Тиймээс хүүхэдтэй холбоотой бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, урамшуулал олгох гэсэн хоёр зориулалтыг хуулийн төсөлд тусгасан" хэмээв.
Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй долоон саналын томъёоллоор санал хураав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн гаргасан, төслийн 2 дугаар зүйлийн сангийн хөрөнгийн зарцуулалт хэсэгт “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг олгох” гэж нэмэхийг дэмжлээ. Иймд саналыг холбогдох хуульд нийцүүлж эцсийн хэлэлцүүлэгт гүйцээн боловсруулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар чиглэл болгов.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын гаргасан төслийн 2 дугаар зүйлд “Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих” гэсний дараа “хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна” гэж өөрчлөхыг дэмжлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын гаргасан төслийн 2 дугаар зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын нэг хувь” гэж нэмэх, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн гаргасан “Хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг хасах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.
Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.