Говь-Алтай аймгийн байгаль орчны салбараас энэ онд шинээр хамгаалах булгийн талбайг хэмжих төсөв гаргах, булгийн мөстсөн талбайн хэмжээ тогтоох ажлын баг сумдад ажиллажээ. БОАЖГ өнгөрсөн гурван жилийн хугацаанд 40 булгийн эх хашиж хамгаалсан байна. Цаашид төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр булгийн эхийг хамгаалж, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмэр оруулахыг зорьж байгаа ажээ. Энэ онд БОАЖГ-ын 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 20 булаг хашиж хамгаалах зорилго тавин ажиллаж байгаа тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Түүнчлэн Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр бөхөн нутагшдаг Халиун, Төгрөг, Шарга, Дарви, Хөхморьт, Тохнил, Баян-Уул суманд хашиж хамгаалсан 16 булгаас :
- Адагийн гол
- Өвөр шанд
- Баачуугийн ус
- Нүдэн булаг
- Халзан булаг
гэх таван булгийн ундарга сэргэж, зөвхөн цасны усаар ундаалдаг байсан нутгийн иргэд булгаас ундалдаг болжээ. Үүний зэрэгцээ шинээр хашиж хамгаалах булгийн мөстсөн талбайн мэдээлэл цуглуулах, хашиж хамгаалах, талбайн хэмжээг эргэлтийн цэг бүрээр нарийвчлан гаргаж ажил гүйцэтгэх техникийн даалгавар боловсруулан, хамгаалалтад ашиглах материалын зардал тооцох ажлуудыг хэрэгжүүлжээ.