Хүн амын өсөлтийг дэмжих үүднээс зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төрөөс дэмжлэг олгохоор хуулийн төсөл боловсруулсан тухай УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээллээ.
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсны нэг нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, өсөлтийг дэмжих тухай хууль гэдгийг тэмдэглээд, дээрх зохицуулалтыг үүнд тусгаж буйг тодотгов.
Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдалтай холбоотой үндэсний хөтөлбөр бий болгоход төрөөс анхаарах шаардлагатай гэж төсөл санаачлагч үзжээ. Нөгөөтэйгүүр, гадаадад байгаа иргэд Монголдоо ирж сурсан мэдлэг боловсролоо улс орондоо зориулахад чиглэсэн төрийн бодлого, зохицуулалт хийх үүднээс төслийг санаачлан боловсруулсан гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээллийнхээ үеэр хэллээ.
Тэрбээр "Төрийн алба, улс төрийн албанд тавигдах шаардлага, ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэх, чиглэлээр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Түүнчлэн Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах үүднээс Боловсролын тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээллээ. Эдгээрээс гадна Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөжээ.