Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй шинжилгээ, дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хоол ундны асуудал сүүлийн үед хурцаар хөндөгдсөн билээ.
Тэгвэл цахим орчинд олон нийтэд энэ тухай мэдээлэл хүргэсэн БЗД-ийн Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтныг ажлаас нь халсан гэх мэдээлэл “худал” болохыг НЭМГ-ын зүгээс албан ёсоор залрууллаа.
Мөн нийслэлийн хэмжээнд 2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл тасралтгүй зохион байгуулж буй шинжилгээ, сүүлийн нэг сард эрчимтэй өрнүүлж буй дархлаажуулалтын ажилд хуваарилагдсан эмч, ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс сэлгэн ажиллуулах зохицуулалт хийсэн байна. Энэ дагуу дархлаажуулалтын цэгт ажиллаж байсан тухайн ажилтан болон бусад цэгийн зарим ажилтныг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн үндсэн тусламж, үйлчилгээнд нь урьдын адил ажиллуулж байна. Шинжилгээний цэгүүдэд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, ЭМЯ-наас баталж өгсний дагуу төсөв мөнгийг дүүргүүдэд бүрэн гүйцэд хуваарилан өгсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар