Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажилгүй 18-34 насныхан ижил хувцсаар жигдэрч, нэг сар байрлаж суралцаад нэг сая төгрөг авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 33 секунд

Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг төсөв дотроо зохицуулалт хийх замаар гаргана. Ингэхдээ нэг сарын хугацаанд түргэвчилсэн вакум сургалтад явуулж нэг сая төгрөгийн тэтгэлэг олгох юм. Уг хөтөлбөрт энэ оныг дуустал 5000 залууг хамруулахдаа 11.8 тэрбум төгрөг зарцуулахаар болсон талаараа НХХЯ-наас мэдээлсэн.

Энэхүү хөтөлбөр ирэх сараас эхлэх бөгөөд эхний ээлжид нийслэлээс Тэгвэл ирэх сараас ажилгүй залуучуудыг сонгон шалгаруулж, 500 залууг тэтгэлэгт сургалтад хамруулах гэнэ. Сургалтад хамрагдах иргэдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Нэг удаагийн сургалтад хамрагдах залуучуудын 50-иас доошгүй хувь нь бүрэн дундаас доош боловсролтой, 25 хүртэлх хувь нь тусгай мэргэжлийн дунд, техникийн болон мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшсэн, 25 хүртэлх хувь нь дипломын болон бакалаврын түүнээс дээш мэргэжлийн зэрэгтэй иргэнийг хамруулах юм байна.

Хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Х.Тамираас зарим зүйлийг тодрууллаа.

-Залууст зориулсан нэг сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөр ирэх сараас эхэлнэ гэсэн. Залуусыг хэрхэн шагаруулж авах журам нь гарсан уу?

-Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн эхний ээлж ирэх сараас эхэлнэ. Манай улсад 2020 оны дөрөв дүгээр улирлын байдлаар ажил, хөдөлмөр эрхлээгүй хөдөлмөрийн насны нийт 58841 залуу байна гэсэн тооцоо гарсан. Тиймээс залуусыг ажлын байранд бэлтгэх, ажиллангаа суралцах, хандлагыг нь өөрчлөх сургалт зохин байгуулах шаардлагатай гэж үзсэн. Энэ бол туршилтын ээлж, тавдугаар сараас эхлэн хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм. Ирэх сард 500 залууг Улаанбаатар хотоос хамруулна. Төсөлд хамрагдах залуучууд,

  1. 18-34 насны
  2. Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй
  3. Урьд нь ял, шийтгэл эдэлж байгаагүй.
  4. Их, дээд сургааль болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаггүй залуучууд бүртгүүлэх боломжтой.

Хамрагдах хүсэлтэй залуучуудыг бүртгэж, ярилцлага хийснээр эхний шатанд тэнцсэн залуучууд эрүүл мэндийн үзлэг, PCR шинжилгээнд хамрагдаж сургалтад хамрагдана.  

-5000 хүнийг хөтөлбөрт хамруулахдаа 11.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хүмүүс төсвийн мөнгө үрэн таран хийж байна хэмээн шүүмжилж байна. Энэ мөнгөөр ямар ажлууд хийх нь тодорхой болсон уу?

-Энэ жилийн төсөвт сургалт зохион байгуулах, ажлын байраар хангахад гарах бүх зардлууд болон 5000 хүний сарын нэг сая төгрөгийг тэтгэлэг багтсан байгаа. Суралцагчдын байр, хоолны зардал, эрүүл мэндийн үзлэг, халдвар хамгаалал, даатгал, сургалтын үйл ажиллагааны зардал бүгд багтсан.  

-Суралцагчдын байр, хоолны зардал гэлээ. Байрлуулж сургалтаа явуулах юм уу?

-Сургалт үргэлжлэх нэг сарын хугацаанд залуучуудыг тусгай сургалтын газарт байрлуулж, цогц сургалтад хамруулна. Тэгэхээр нэг сарын хугацаанд тусгаарлагдах буюу ажил, хөдөлмөр хийх хүсэл, сонирхолтой үе тэнгийн залуучуудтайгаа бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих боломжтой орчинд байрлана.

-Хөтөлбөрт хамрагдсан залуусыг ажлын байраар хангасан ажил олгогчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож бүтэн жилийн урамшууллыг өгөхөөр төлөвлөж байгаа гэсэн. Энэ нь ямар учиртай вэ?

-Сургалтад хамрагдаж төгссөн залуучуудыг ажлын байраар хангаж, тэднийг нэг жилийн турш тасралтгүй ажиллуулж, нийгмийн даатгалыг нь бүрэн төлсөн тохиолдолд урамшууллыг олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож төлсөн татварын нь буцаан олгоно.

-Дөрвөн яамны ажлын хэсэг гарч, хамтран ажиллаж байгаа гэсэн үү. Яам тус бүр ямар ажил хариуцаж байна вэ?

-Төслийг хэрэгжүүлэхээр БШУЯ, ХНХЯ, БХЯ, Соёлын яам болон ЗГХЭГ хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Удирдлага, ерөнхий зохион байгуулалтыг ХНХЯ, сургалтын хөтөлбөр агуулгыг ХНХЯ, ЗГХЭГ, сургалт зохион байгуулалт, ложистикийн хэсгийг БХЯ, төслийн маркетинг, PR хэсгийг Соёлын яам тус тус ахлан хариуцаж, яамдын оролцоог жигд ханган ажиллаж байна.

Сургалтад хамрагдах залуус сургалтын хугацаанд ижил хувцсаар жигдрэн оролцоно. Хувцасны дизайн загварыг Соёлын яамнаас ахалсан баг хариуцаж байна. Хувцсыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу болон дотоодын үйлдвэрлэгч нараар хийлгэхээр ажиллаж байна.

-Сургалтаар хичнээн төрлийн ямар хичээл орох вэ. Суралцагчдаас ажиллах чиглэлээс нь хамаарч сургалтаа сонгуулах уу?

-Хувь хүний хөгжил, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, эх оронч үзэл төлөвшлийн зэрэг дөрвөн төрлийн сургалтыг явуулна. Мэргэжил олгох сургалт явагдахгүй. Харин мэргэжил эзэмшсэн залуучуудыг төгссөний дараа ажлын байраар хангагдах, дахин мэргэших, эсвэл мэргэжил эзэмшээгүй залуучуудыг мэргэжил эзэмших хүсэлтэй болох, ажил хөдөлмөрт дуртай болох, сурахад нь дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл,

  1. Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байранд зуучлах
  2. Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран жижиг зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулах
  3. Төсөлд хамрагдсан иргэдийн хүсэл сонирхлоос хамааран мэргэжлийн болон үйлдвэрлэл дээрх сургалтад хамруулах
  4. Төсөлд хамрагдсан иргэдийг ажлын байраар хангасан ажил олгогчийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Нийслэлд шөнийн цагаар хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
Нийслэлд шөнийн цагаар хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.