Өнөөдрөөс эхлэн шөнийн 23.00-06.00 цагийн хооронд автозамын болон явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж тусгай чиг үүргийн алба хаагчид хяналт тавина.
УОК-ын өнгөрсөн бямба гарагийн хуралдаанаар, нийслэлд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэг буюу "Шар" түвшинг зэрэглэл дээшлүүлж өнөөдрөөс "Улбар шар"-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан бямба гарагт мэдээлэхдээ, "Шөнийн цагаар хөдөлгөөн хязгаарлахгүй бол олноор цугларах, архидан согтуурах, ахуйн гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Мөн энэ цагаар халдвар тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс өдрийн цагаар ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай байна" гэжээ.
Дээрх хугацаанд эмнэлгийн тусламж, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн байгууламж, хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор Багахангай, Налайх, Багануур дүүрэг, Сонгино хайрхан дүүргийн 21,32, Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээрхорооны иргэд иргэний үнэмлэхийн хаягаар, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчид нь ажиллаж байгаа газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумж бөглөн нэвтрэх аж. Улбар шар зэрэглэлд шилжсэнээр, худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах хязгаарыг 07-22 цагийн хооронд тогтоож, зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулна.