2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдсон тойргийн сонгогчдынхоо олонхийг саналыг авч чадсан Ж.Эрдэнэбат Пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнгөрсөн есөн сарын турш хоригдож байгаад энэ сарын 3-нд таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн гэсэн үг.
Түүнд холбогдох хэргийг эргэн сануулбал, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байсан билээ.