Коронавируст халдварын ойрын хавьтлыг тусгаарлах журамд өнөөдрөөс өөрчлөлт орж байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн:
“Халдварын нөхцөл байдал хүндэрсэн, халдварын тохиолдлын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаагаас шалтгаалан Улаанбаатар хот бэлэн байдлын дараагийн үе шат буюу улбар шар түвшинд шилжсэн. Үүнтэй холбоотой ойрын хавьтлыг тусгаарлан ажиглах байранд 7, гэрийн ажиглалтад 7 хоног тусгаарладаг байсныг өөрчилж 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглан тусгаарлахаар болсон. Ингэхдээ хүн бүрийг гэрийн тусгаарлалтад үлдээхгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу гурван төрлийн үнэлгээг хийнэ” гэлээ.
Энэ нь эмнэл зүйн, гэр ахуйн орчин нөхцөлийн, эмнэл зүйн шинж тэмдгийн өөрчлөлтийг хянах зэрэг гурван төрлийн үзүүлэлтийн үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад үлдээх эсэх, гэрийн тусгаарлалтад байгаа хүнийг цаашид үргэлжлүүлэн тусгаарлан ажиглах байранд шилжүүлэх эсэх шийдвэрийг гаргах юм.