Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Энэ хаврын чуулганаар “Эрх зүйн хувьсал“-ыг эрчимжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 4 секунд

УИХ-ын Хаврын чуулганы нээлт боллоо. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хоног хуралдахаар хугацааг сунгаж нэмсэн. Ийм учраас хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байгаа аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах “Эрх зүйн хувьсгал”-ыг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдолтой байх болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрх зүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх явдал юм" хэмээн фэйсбүүкдээ бичжээ. Тэрбээр чуулганы нээлтэд Хаврын чуулганаар баримтлан ажиллах 9 чиглэлийг танилцууллаа. 

Хаврын чуулганаар баримтлан ажиллах 9 чиглэл:

Шүүхийн багц хууль

Шүүх засаглалын нэр хүндийг шавартай хутгаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрч хэрхэвч болохгүй. Шинэ хуулийн агуулга үзэл санаа, зүйл заалтыг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой. Монгол Улсад эрүү шүүлт иргэндээ тулгасан ийм үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинээр байгуулах 

Шинээр байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороонд хэн нэг этгээдэд барьцаалагдахгүй, мэргэжил, ёс зүй, хуулийн шаардлага хангасан иргэдийг нэрээ дэвшүүлж өрсөлдөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Хяналт шалгалтын тухай хууль

Энэ чуулганаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг хэлэлцэн батлах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүд төсвийн болон томилгооны эрхээсээ татгалзаж, хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүрэг нь өргөжсөн.

Энэ хуулийн хэрэгжилтийг хянах, нийгэмд шуугиан тарьсан аливаа хэргүүдийг ил тод, нээлттэй хэлэлцэж, бодит байдлыг илчлэн тодруулах, шударга ёс тогтоох эрхэм зорилгыг хэрэгжүүлэх нэг чухал хөшүүрэг мөн.

Оюу толгойн гэрээ

Оюутолгой ордын ашиглалтад юуны өмнө Монгол Улсын, Монголын ард түмний эрх ашгийг хангуулах ёстой гэдэгт УИХ, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байна.

Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх ёстой. Баялгийн үр өгөөж улсынхаа хөгжил, иргэдийнхээ сайн сайханд зориулагдах учиртай.

Цар тахлын эсрэг арга хэмжээ

УИХ-аас баталсан хууль тогтоомжууд, Засгийн газрын “Арван их наядын цогц төлөвлөгөө” зэрэг нэгэнт эхлүүлсэн бодлого, арга хэмжээг удаашруулж, саатал үүсгэхгүйгээр үр дүнд хүргэхэд Засгийн газар, Монголбанк, байгууллага, иргэн бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм.

Вакцины хүрэлцээ хангамжийг сайжруулах, иргэдээ аль болох богино хугацаанд бүрэн хамруулах, вакцинжуулалтын явц, үр дүн, ач холбогдлын талаар ил тод, зөв мэдээллээр иргэдээ тогтмол хангахад анхааръя.

“Япон лугаа адил хөгжье” уриалга

Хуулбарласан, хүчээр шахсан, энд тэндээс цуглуулан байж бүтээсэн эдийн засгийн тогтолцоо буруу ажиллаж байна. Буруу учраас Монголын хөрсөнд идээшсэнгүй. Тиймээс хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль

Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг ч хойшлуулалгүй хэлэлцэх хэрэгтэй байна.

“Монголчууд төрөө дээдэлдэг, төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн” гэсэн үгээр өөрсдийгөө хуурах биш, хуулиар тогтоосон ёс зүйг ягштал сахидаг болох нь Монголын төр ард түмнийхээ итгэлд мөнх оршихын баталгаа мөн.

Хаваржилтын бэлтгэл ажил

Өвлийн хатууг зүдэрч давсан малчдыг дараалсан эрсдэлээс хамгаалах, малчдын амьжиргааны түвшин буурахаас сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн борлуулалтыг үнийн зохистой бодлогоор дэмжих зэрэг арга хэмжээг одооноос төлөвлөж хэрэгжүүлэх нь чухал байна.

Мөн хаврын тариалалтын бэлтгэлийг сайн хангах, дутагдаж буй үр, бордооны нөөцийг бүрдүүлэх, шатахууны хүрэлцээ, техник хангамжийг зээлийн бодлогоор дэмжихийг чиглэл болгож байна.

Сонгууль

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль, Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно. Сонгууль угтсан улстөржилт, сонгуулийн үеийн хар технологиос татгалзах нь эрүүл нийгэм, улс төрийг цогцлоох нийт монгол түмний эрх ашигт нийцнэ.

Буллсаас есөн тоглогч 10-аас дээш оноо авч Торонтог хожлоо
Буллсаас есөн тоглогч 10-аас дээш оноо авч Торонтог хожлоо
 
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.