"COVID-19"-ийн халдварын бүртгэгдсэ тохиолдол 169 болж буй нөхцөл байдалтай холбогдуулан УОК хуралдаж байна.
УОК-ын өчигдрийн хурлаар нийслэл хотоос орох, гарах хөдөлгөөн болон үзвэр үйлчилгээний зарим газрын үйл ажиллагааг зогсоох талаар хэлэлцсэн юм. Мөн хуралдаанаар нийслэл хотод нийтэд нь бус халдварын тохиолдол олон илэрсэн байршлуудад хэсэгчлэн хөл хорио тогтоож байхаар болсон.
Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасны дагуу зарим ААН, үйчилгээний газрын үйл ажиллагааг хязгаарлаж байна. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Асуудал гаргаад байгаа худалдаа үйлчилгээний газруудыг ажиллуулахгүй байх шийдвэр гаргана. Караоке болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж, 14 хоногийн хугацаатай хаана" гэж мэдээлсэн юм.
УОК-ын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөн болон үзвэр үйлчилгээ болон зарим үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоож зохицуулалт хийх талаар үргэлжлэн хэлэлцэж байна.
Коронавирусийн халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж өнөөдөр хамгийн олон буюу 169 тохиолдол шинээр батлагдаад байгаа билээ.
ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр "COVID-19"-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдол 169 болоод байгаагаас 136 хүнд эхний шинжилгээгээр, 18 хүнд хоёр дахь шинжилгээгээр халдвар илрээд байгаа юм.