Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулснаас хойш казино тоглоогүй, яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 42 секунд

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс өнөөдөр /2020.02.10/ мэдээлэл хийлээ. 2019-2020 оны намрын чуулган өндөрлөсөнтэй холбоотойгоор намрын чуулганы үр дүнг танилцуулсан бөгөөд улс эх орны эдийн засагтай холбоотой шийдвэрүүд гаргаж чадаагүй гэж дүгнэж байгаагаа онцолсон юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:  “ Намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг баталсан. Үүнд Ардчилсан намын зөвлөлөөс гурван санал тусгахыг хүссэн ч дэмжигдээгүй. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийслэлийн тойрог, мандатын тоог цөөлөхгүй байх санал гаргасан. Гэвч тойрог, мандат хуваарилахдаа өөрсдөдөө ашигтай хувилбарыг сонгосон. Мөн саарал жагсаалтад орсон ч эрх баригчид ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Валют, ам.долларын гүйлгээ БНХАУ-ын нэр бүхий хоёрхон банкаар дамжиж байгаа нь харамсалтай асуудал. Энэ нь бизнесийн нууцлал алдагдах нөхцөл бий болсон учраас саарал жагсаалтаас гарах асуудлыг яаралтай хийх ёстой. Намрын чуулганаар хэд хэдэн хууль оруулж ирж, батлах байсан ч санаатайгаар унагасан гэж үзэж байна. Тиймээс эрх баригчид саарал жагсаалтаас гарах сонирхолгүй байна. Мөн УИХ өөрөө тарах талаар Ерөнхийлөгчийн уриалгыг хүлээн авч, УИХ хэлэлцээгүй. Энэ УИХ нэр хүндийн хувьд хамгийн доод хэмжээнд очсон, гэмт хэрэгт холбогдсон асуудал олон бий" гэв.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид асуултандаа хариулт авлаа.

-АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын казино тоглож байгаа зураг, бичлэг сошиалд тарсан. Үүнд зөвлөлийн зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Д.Эрдэнэбат дарга орон нутагт томилолттой байгаа. Хувь хүний асуудлаар би тайлбар хийхгүй.

-Таны ч бас казино тоглож байгаа зураг байсан. Тэр хэзээний зураг вэ?

-Нэгдүгээрт энэ бол эртний зураг. Би гэр бүлийнхэнтэй амралтаараа явж байгаад зочид буудлаас 50 ам.долларын ваучер өгөхөөр нь түүгээр нь орж тоглосон. Хоёрдугаарт, тухайн үед казинод тоглох асуудлыг ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байсан. Энэ асуудлыг 2019 оны дөрөвдүгээр сард Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж хориглосон. Үүнээс хойш би казино тоглоогүй, тоглохгүй. Яагаад гэвэл би хуулиа барьдаг хүн.
Төрийн олон тэрбум төгрөгөөр тоглосон хүмүүс байгаа. Казинод хэзээ ч хождоггүй. Тийм учраас Монголчууд казино тоглох хэрэггүй.

-АН-ын удирдлагууд БНХАУ-д ямар асуудлаар айлчилсан юм бэ. Сонгуулийн хандив авахаар явсан гэдэг мэдээлэл тараад байгаа?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монголын эдийн засагт нөлөөтэй хоёр орны нэг болох БНХАУ-тай сайн хөршийн харилцаатай байх хэрэгтэй. АН аливаа нэг улс орон, томоохон ААН, олигархуудаас нэг ч төгрөгийг төрийн сонгуульд зориулж авахгүй.

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хориод байгаа. Энэ асуудал нь цаашлаад АН-ын дарга С.Эрдэнэтэй холбогдсон гэх мэдээлэл байгаа? 

-Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, мөнгө байршуулж байсан. Дөрвөн жилийн дараа өөр сайн банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө нуухын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн шалтгаантай.

-Ардчилсан намын зөвлөл хэр сайн сөрөг хүчин байж чадсан бэ?

Долоон хүн гэдэг үнэхээр цөөн юм. МАН-ын алдаа болгон дээр дөрөөлж шархыг нь сэдрээх боломж АН-ын цөөхөн гишүүнд байсангүй. Гэхдээ бид сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлсэн.  
МАН ждү, 60 тэрбум гээд хоёр хуваагддаг. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газрын унагааж, У.Хүрэлсүхийн Засгийн газрын байгуулж, Н.Номтойбаярыг явуулж өгсөн нь АН-ын зөвлөл. Аливаа том асуудал дээр МАН-ын бүлэг хоёр хуваагддаг бол асуудлыг шийдэж өгдөг нь АН-ын зөвлөл юм.

 

 

 

 

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 05-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.