УИХ-ын дарга Г.Занданшатар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийн хамт. 2020.02.07
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёрдугаар сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаад баяртай байна” гэв.
Элчин сайд Ли Ё Хунг хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй БНСУ, Монгол Улсын харилцааг бүхий л талаар өргөжүүлэн, хөгжүүлэх боломж хэмээн харж байна” гэлээ.
Ойн хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулна гэж итгэж байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэв. БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны чухал түнш орон гэдгийг тэрбээр онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирсэн. Зээл, тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэх, нийгэмд чиглэсэн үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хоёр улсын Засгийн газар анхаарч ажиллах нь зүйтэй" гэв.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэх талаар Төрийн тэргүүн нарын түвшинд тунхаглахад чиглэсэн бэлтгэл ажлыг хангах талаар Элчин сайдын зүгээс хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Стратегийн түншлэл”-ийн харилцааны түвшинд дүйцүүлэн хүргэх талаар хамтран ажиллах нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын харилцааг нэг шат ахиулсан ач холбогдолтой байсныг Элчин сайд Ли Ё Хунг хэлээд энэ айлчлалын хүрээнд яригдсан хоёр орны ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах болон бусад асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Тэр дундаа БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулан хөгжүүлэхээр тохирсныг 30 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгасан юм.
Үргэлжлүүлэн талууд Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо. Мөн цаг үеийн шинэ нөхцөлд тулгуурлан талууд эдийн засаг, бизнесийн харилцаагаа өргөжүүлэн, экспорт, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён-ы Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр талын иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй зорчих зорилгоор замын зураглал гаргахаар тохирсон асуудлыг хөндсөн бөгөөд ноён Ли Ё Хунг Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ чиглэлээр бодит үр дүн гаргахаар чармайх болно гэлээ.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурал бүхий л талаар дэмжиж, нягт хамтран ажиллах болно гэдгийг Г.Занданшатар дарга хэлээд ноён Элчин сайдын ажилд өндөр амжилт хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.