Цас хайлаагүй, хальтиргаа гулгаатай үед мотоцикл унах нь осолд өртөх шалтгаан болж буйг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Нийслэл болон аймаг, сумын Засаг даргын захирамжаар жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд мотоциклоор зорчихыг хориглосон байдаг. Гэвч цаг агаар дулаарангуут мотоциклтой иргэд хөдөлгөөнд оролцож, осол гаргах болсон байна.
Үүний шалтгаан нь БНХАУ-ын орон нутагт үйлдвэрлэсэн, стандартын шаардлага хангаагүй, баталгаагүй мотоцикл унаснаас осолд өртөж байгаа бөгөөд осолд өртөгсдийн дийлэнх нь хамгаалалтын малгай өмсөөгүйгээс тархи, нугасандаа гэмтэл авдаг байна. Жилд дунджаар 100-120 хүн мотоциклийн ослоор энддэг гэсэн тоо гарчээ.
Хятадад үйлдвэрлэсэн мотоцикл нь хайлшсан обудтай учир бартаат замд тохирохгүй, техникийн шаардлагыг хангадаггүй байна. Мотоцикл нь зөвхөн урин дулаанд унадаг, улирлын чанартай тээврийн хэрэгсэл гэдгийг ТЦА-наас сануулж, хамгаалалтын малгай өмсөж, хурдаа тохируулж явахыг зөвлөжээ.