Бүтээгч нь үл мэдэгдэх нууцлаг металл хөшөөнүүд 2020 оны арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн дэлхийн өнцөг булан бүрд гэнэт гарч ирээд, удалгүй алга болж байсан нь хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Эдгээр нууцлаг хөшөөнүүд нь АНУ-ын Юта, Калифорни мужууд болон Румын, Нидерланд, Испани, Герман, Их Британи зэрэг улсуудад гэнэт гарч ирсэн байна.
Анх хэсэг амьтан судлаачид эвэртэй хонь тоолохоор нисдэг тэргээр АНУ-ын Юта мужийн дээгүүр нисэж байх үедээ нэгэн сонирхолтой зүйл олсон нь өнөөх нууцлаг металл буюу “monolith” хөшөө байв. Гурван тал металлыг нийлүүлж гагнасан, дотроо хөндий, 3.5 метр өндөртэй, гурвалжин хэлбэртэй, цул металлаар хийгдсэн энэхүү чулуу хүнгүй цөлд байршуулагдсан байжээ. Шинжээчид энэхүү чулууг 2016 онд анх байршуулагдсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Энэхүү хөшөөний тухай 2001 оны бүтээл болох “А Space Odyssey” кинонд цөөн үзэгдэл гардаг байна. Тус киноноос санаа авсан "The Simpson" хүүхэлдэйн киноны өөр нэг үзэгдэл ч байдаг аж. Нэг хэсэг хүмүүс эдгээр хөшөөнүүдийг харь гаригийнхан бүтээсэн гэдэгт итгэж байсан бол зарим нь "The Simpson" хүүхэлдэйн киноны ээлжит маркетинг гэж харж байлаа.
“А Space Odyssey” киноны хэсгээс:
Сонирхолтой нь 2020 оны арваннэгдүгээр сарын 21-нд үл мэдэгдэх дөрвөн залуу тус чулууг авч явсан гэж нутгийн хүмүүс мэдэгдсэн байна. Харин нутгийн засаг захиргаанаас энэхүү биетийг зөөх зөвшөөрөл өгөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Үүгээр ч зогсохгүй тус мужийн захиргаа өөрсдийн албан ёсны твиттер хуудастаа “Мөрдөн байцаалтын талаар тайлбар өгөх боломжгүй ч нийтийн эзэмшлийн газар, тэдгээрийн баялгийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, эзэмших нь хууль бус болохыг сануулж байна. Та ямар ч гаригт хамаарагдаж байсан үүнийг санаж яваарай” хэмээн хошигножээ.
Хөшөөг өөр тийш нүүлгэсэн байх магадлалтай хүмүүсийг хайх ажил эхлэх үед экстрем спортын бичлэг хийж цахим сүмжээнд байршуулдаг Энди Льюис найзуудын хамтаар хийсэн бичлэгээ хувийн хуудастаа оруулжээ. Бичлэгт дөрвөн залуу хөшөөг хөрөөдөн зөөж байгаагаар гарсан байна. Тэд энэхүү үйлдлээ тайлбарлахдаа “олон жуулчид энэ нууцлаг хөшөөг үзэхээр ирэхдээ онгон байгалийг сүйтгэж, ул мөрөө үлдээж байна. Хүний ул мөргүй газрыг хайрлан хамгаалах нь чухал учир бид санал нэгдэн хөшөөг өөр газарт аваачсан” гэв. Харин дэлхийн өнцөг булан бүрт үзэгдэж буй бусад хөшөөний талаар мэдэхгүй гэдгээ нэмж дурджээ.
Бүтээгч нь тодорхойгүй байсан “monolith”-ийн тухай АНУ-ын Нью Мехикогоос гаралтай “The Most Famous Artist” хэмээх уран бүтээлчид нууцлаг металл хөшөөнүүдийг өөрсдийн бүтээл хэмээн зарласан байна. Ингэхдээ “monolith” тус бүрийг нь 45 мянган ам.доллараар үнэлсэн байна.
“The Most Famous Artist” бүлгэмийн үүсгэн байгуулагч Мэтти Мо "Mashable" сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр эдгээр хөшөөнүүдийг бүтээсэн гэдгээ нотлохоос татгалзаж, ямар нэгэн баримт дэлгэхгүй гэж мэдэгдсэн нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Мэтти Мо “Хөшөөнүүдээ анх суурилуулсан технологиосоо болж хуулиндаа захирагдан, олон зүйлийн талаар хэлж чадахгүй” хэмээжээ.
Ихэнх “monolith” гурван тал металлыг нийлүүлсэн ул мөртэй байсан учир хүний гараар бүтээгдсэн байх магадлалтай гэнэ. Гэвч хэн эднийг, ямар шалтгаанаар дэлхийн нэг хэсгээс нөгөө рүү зөөж байгаа нь одоог хүртэл оньсого хэвээр байна.
Дэвсгэр мэдээлэл: “Monolith” гэдэг нь том чулуу, чулуулаг зүйлс юмуу хөшөө, барилга дотор байрлуулсан ганц том чулуун хэсгээс бүрдэх геологийн шинж чанарыг хэлнэ.