Дуучин Борхүүгийн Амархүүд 2019 оны есдүгээр сарын 18, 19-нд Хан-Уул дүүргийн нутагт байрлах гэртээ болон автомашиндаа мансууруулах төрлийн бодис хадгалсан, Төв аймгийн нутгаас түүж бэлтгэсэн хэрэгт холбогдон улмаар шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон билээ.
Б.Амархүүг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт зааснаар хоёр жил хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаан, шүүгдэгчийг сулласан. Харин Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэн хоёр жил хорих ялыг нь эдлүүлэхээр болж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож байсан. Улмаар батлан даалтад байсан Б.Амархүүг хорих ялыг нь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид эдлүүлэхээр хуваарилсан байдаг юм.
Тэгвэл хорих анги болон НПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Б.Амархүүгийн ял эдэлсэн жил гаруйн хугацаан дээр шагналын хоног зэргийг нь нэмээд, засрал хүмүүжлийг олсон гэж үзэн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын эхээр хүргүүлжээ. Харин тус шүүхийн шүүгч захирамж гаргаж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллахаас татгалзсан байна. Гэвч Б.Амархүүгийн хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг шүүх дахин хэлэлцээд, засрал хүмүүжил олсон гэж үзсэн тул сар шинийн өмнө түүнийг суллажээ.