Зэвсэгт этгээдүүд Нигерийн төв нутагт 27 эрэгтэй сурагчийг сургууль дээрээс нь хулгайлсан хэрэг гарсан юм. Тэгвэл хэрэг гарсан сургуулийн ойролцоо дахин нэг сургуульд зэвсэгт этгээдүүд халдаж, 317 охин хулгайлсан хэрэг гарлаа. Орон нутгийн цагдаа нар охидыг хайж эхэлсэнээс хойш барьцаалагч нар 27 хүүг суллан явуулсан ч охидоос сураггүй хэвээр байна.
Суллагдсан хөвгүүд ихэд ядарч туйлдан, цангасан байсан бөгөөд ихэнх нь цэргүүдээс ус өгөхийг гуйжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр, хөвгүүд бүгд 15-18 насныхан юм.
Хөвгүүдийг суллахаас хэдхэн хоногийн өмнө тодорхойгүй зэвсэгт бүлэглэл ойролцоох Замфара мужийн сургууль руу дайран, 317 охин хулгайлсан хэрэг гарчээ. Ноцтой хэрэг гарсан тул нутгийн цагдаа нар бүх хүчээ дайчлан охидыг эрэн хайж байна. Барьцаалагч нар засгийн газраас мөнгө шаарджээ. Харин охидын ар гэрийнхэн барьцааны мөнгийг төлөх чадвартай тул удахгүй төлж, охидыг эсэн мэнд гэрт нь авчирна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 26-нд болсон хурал дээр тус улсын засгийн газрынхан Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг гэмт этгээдүүдэд мөнгө, машин өгч өөгшүүлдэг бодлогыг даруй өөрчилж, таслан зогсоохгүй бол энэ мэт хэргүүд хэзээ ч тасрахгүй хэмээн шүүмжилсэн байна.
Дэвсгэр мэдээлэл: Үүнээс өмнө 2014 онд "Боко Харам" бүлэглэл Чибок хотоос 270 гаруй охин хулгайлсан хэрэг гарч байв. Хулгайлагдсан охидын 10 орчим нь одоо хэр нь сураггүй хэвээр байна.