Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг хүргэж байна.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой дүрс бичлэг, мэдээлэл гарч, иргэд, олон нийтийн дунд эргэлзээ үүсгэж байгаад харамсаж байна.
Үүсээд буй нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалтын ажиллагааг цаг алдалгүй, шуурхай явуулахад дэмжлэг үзүүлэн, иргэд, олон нийтийг үнэн зөв, бодит мэдээллээр хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран ажиллах болно.
Харин дээр дурдсан мэдээ, мэдээллийг олж авсан, тараасан, цаашид тараах талаар удаа дараа мэдэгдэж байгаа нь хүнийг хууль бусаар мөрдсөн, тагнасан байж болзошгүйн зэрэгцээ эрх бүхий байгууллагаас эцэслэн шалгаж тогтоогоогүй мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь нийт шүүгчдийн хараат бус байдалд халдаж байна гэж үзэж байна.
Иймд дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенц, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг хүний эрхийн болон хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах болсныг мэдэгдье!
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл