Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дугаар их хурал Унгар улсын нийслэл Будапешт хотноо боллоо.
Дэлхийн 111 орны төлөөлөгчид чуулсан их хуралд “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн төлөөлөгчид оролцлоо. Тодруулбал “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны гадаад харилцааны захирал П.Буяндэлгэр, гүйцэтгэх хорооны зөвлөх Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ж.Отгонцагаан нар төлөөлөгчөөр оролцсон юм.
Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн хүрээнд спортын 25 төрөлд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөрөө дэлхийн спортын сэтгүүлчдэд танилцуулжээ. Энэ үеэр ОУ-ын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жанни Мерло, Ерөнхий нарийн бичгийн дарга Юрий Осмец нар наадмын үеэр Монгол Улсад айлчилна гэдгээ илэрхийлсэн байна.
Ирэх 9 дүгээр сарын 13-20 ны хооронд зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын нэгэн хөтөлбөр нь “YOUNG REPORTER” буюу “Залуу сэтгүүлч” байна. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо энэхүү хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хурлын үеэр илэрхийлжээ. Тус хуралд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар нар төлөөлөгчөөр оролцлоо.