Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг өнөөдөр (2020.02.06) хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад туршлагатай дипломатч Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Жалгас Адылбаев 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг бодит ажил хэрэг болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит VIII хуралдааныг 2020 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Мөн БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин 5 дугаар сард Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ онд тус улсад айлчлах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Түүнчлэн тэрбээр ирэх 7 дугаар сарын 05-ны өдөр Нур-Султан хотноо болох “Бүгд Найрамдах Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы Н.А.Назарбаевын манлайлал” сэдэвт олон улсын бага хуралд Монгол Улсаас өндөр, дээд түвшинд оролцоход дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын даргаас хүсэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр талын өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулж, эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлээд парламентын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллана гэв.
Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгаад Монголын ард түмэнд удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Төрсөн он, сар, өдөр: 1964 оны 12-р сарын 15
Төрсөн газар: Казахстан Улс, Гурьев муж
Гадаад хэл: англи
Боловсрол, мэргэжил:
-С.М. Кировын нэрэмжит Казах улсын их сургууль (Мэргэжил: «Түүхч, нийгэм-улс төрийн ухааны багш)
-Аль-Фарабийн нэрэмжит Казахын Үндэсний их сургуульийн аспирантур.
PhD доктор.
Ажлын замнал:
-Төрийн ёслолын газрын хэлтсийн дарга (1997-2000);
-БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн ёслолын албаны дарга (2000-2004);
-Казахстан Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх (2004-2008),
-Казахстан Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа ЭСЯ-ны элчин-зөвлөх (2008-2009);
-Казахстан Улсаас Горгон хотод суугаа (Исламын Бүгд Найрамдах Иран Улс) Ерөнхий консул (2009-2010);
-БНКазУ-ын ГХЯ-ны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны орлогч дарга (2010-2011);
- Парламенттай харилцах болон БНКазУ-ын иргэний нийгмийн байгууллагуудтай харилцах Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд (2011-2015);
-Казахстанаас Армени Улсад суугаа Элчин сайдын яамны элчин-зөвлөх (2015-2017);
-БНКазУ-ын ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд (2017-2019);
-БНКазУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд (2019 оны 8-р сарын 15-ны өдрөөс эхлэн)
Дипломат ранк: Хоёрдугаар Онц бөгөөд Бүрэн эрхт Зөвлөх