Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Байнгын хорооны гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар өнөөдөр /2020.02.05/ хэвлэлийн бага хурал зарлан, 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.
2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 10 удаа хуралдаж, бие даасан гурван хууль, хамт өргөн мэдүүлсэн гурван хууль, Улсын Их Хурлын дөрвөн тогтоолыг батлуулсан хэмээн Байнгын хорооны дарга Д.Оюунхорол мэдээллээ. 2019 намрын чуулганы хугацаанд харьяа хоёр байгууллагын тайланг хэлэлцэж хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 19 удаа хуралдсан байна. Хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан хуулиудын талаар танилцуулсан юм.
ИРГЭДИЙГ ХОРТ ХАВДРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ
Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд нь хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгснөөрөө чухал ач холбогдол бүхий Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулсныг Байнгын хорооны дарга онцолсон.
Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60 хувь нь тэр жилдээ нас бардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 36 хувь нь элэгний, 15 хувь нь ходоодны, зургаан хувь нь улаан хоолойн, найман хувь нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд аж. Нийт хавдраар нас барагсдын 65 хувийг энэ дөрвөн төрлийн хорт хавдар эзэлдэг байна.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувь, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэсэн гэж үзэж байгааг тэрбээр тодотгосон юм.
ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ
Энэ хуулиар 1990 онд баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр 21208 иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 14465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3786 нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2957 нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм.
Эдгээр 21208 иргэдийн суурь тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг шаардлагатай байсныг 2020 оны төсөвт тусгасан байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 362.0-497.0 төгрөгт хүрлээ. Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчдын тэтгэвэр 25000-30000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Байнгын хорооны дарга дурдсан.
ИННОВАЦИД СУУРИЛСАН ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНОЛОГИ БИЙ БОЛЖ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ҮНДЭСНИЙ БРЭНДИЙГ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
Нийгмийн бодлого, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан билээ. Хууль батлагдсанаар инновацийн үйл ажиллагаа, дэд бүтэц, түүнд оролцогч талын эрх үүргийн хуваарилалт тодорхой болж, талуудын оролцоо тэгш хангагдан, төрөөс олгож буй санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох юм. Түүнчлэн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төр-хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл өргөжин тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Хууль хэрэгжсэнээр эдийн засагт инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэн, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх урт хугацааны тогтвортой хөшүүрэг, суурь тавигдах боломж бүрдэж буй юм.
ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАВ
Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч буй бөгөөд тэдгээр иргэдийн 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан юм. Үүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар хуульд заасан гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тодруулан хэллээ.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоож, тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшүүлэх зохицуулалтыг тусгасан юм. Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэхээр тусгасан бөгөөд тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон зээлийн үлдэгдэл төлбөргүй, эсхүл зээлийн үлдэгдэл төлбөр нь 1.0 сая төгрөгөөс бага байгаа тэтгэвэр авагчид эзэмшүүлэх үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлэхээр заасан юм.
Тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх зорилгоор тэтгэвэр авагч жилд нэг удаа 6 хүртэл сараас дээш хугацаагаар тэтгэврээ барьцаалан зээл авахыг хориглосон гэдгийг мөн дурдлаа.
ҮНДЭСНИЙ ТҮҮХ, ХЭЛ, СОЁЛ, ШАШНЫ ӨВ УЛАМЖЛАЛ, ЗАН ЗАНШЛАА ХАДГАЛАН ХАМГААЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ, МОНГОЛЧУУДЫН ЭВ НЭГДЛИЙГ БАТАТГАХ ХУУЛИЙГ БАТЛУУЛАВ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг тус байнгын хорооноос УИХ-аар хэлэлцэн батлуулсан.
Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан бөгөөд энэхүү Их дүйчин өдөр Бурханы шашны орнуудад мацаг барих, согтууруулах ундаа худалдаалахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, ядууст хоол, өглөг өгөх, бусдад туслах, төрийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, их цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлсийг дэлгэрүүлдэг байна. Энэ үеэр баяраас үүдэж гардаг архидан согтууралтай холбоотой хэрэг болон баярын өдрүүдэд гардаг гэмт хэргийн тоо эрс буурдаг нь бусад тэмдэглэлт баяруудаас эрс ялгардаг байна.
Уг хууль батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэдгийг Байнгын хорооны дарга тодотгосон.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ , Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 хуулийн төсөл, 1 Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр Байнгын хорооны дарга мэдээлсэн.
2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос холбогдох яам, харьяа газартай хамтран найман удаагийн хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна.
Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны үйл ажиллагааны тайлан мэдээллийг танилцуулсны дараа Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Н.Учрал нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.