МАН 2020 оны УИХ-ын сонгуулиар олонх болж, Засгийн газраа бүрдүүлэн ажилласан ч цар тахлын үед гарсан хайхрамжгүй алдаанаас үүдэн дараагийн ээлжийнхэн "хоолондоо орохоор" болсон. Дөнгөж төрсөн эмэгтэйгээр коронавирусийн халдвар илэрч, түүнийг эмнэлэг дамжуулан зөөвөрлөхдөө идэр есийн хүйтэнд углааш, халаадтай нь дэрээр амыг нь таглан авч явсанд иргэд бухимдаж талбай дээр жагсаал хийсэн билээ. Гэхдээ энэ жагсаал ганцхан энэ удаагийн үйлдлээс үүдсэн бус өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан алдаа бүрийг тэсээд суух аргагүйгээс болсон гэх хүмүүс их байна...
Ямартаа ч Засгийн эрхээс өөрийн хүслээс татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ тогтворгүй цаг үед өнөө маргаашгүй шинэ засгийг томилох болно" хэмээн хэлсний дагуу Засаг огцорсны маргааш МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, УИХ-дахь намын бүлэг шуурхай хуралдан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг дуу нэгтэй Ерөнхий сайд болгохоор Ерөнхийлөгчид тогтоолын төслөө өргөн бариад буй. Ерөнхийлөгч УИХ-д санал оруулах учиртай...
Тэгвэл энэ амралтын өдрүүдээр МАН-ынхан амрахгүй бололтой. Дараагийн Засагт хэн хэн орж ажиллах эсэх нь шийдэгдэх эгзэгтэй цаг үе тэдний өмнө байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Ерөнхий сайдаар нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнийг одоогийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан орлох бол түүний албан тушаалд Шадар сайд Я.Содбаатар очихоор тохироо хийгдээд байгаа аж.
Харин хуучин Засгийн бүрэлдэхүүнд байсан сайдуудаас хэн хэн үлдэх эсэх талаар цөөнгүй таавар өрнөөд байна. Гэхдээ зөөлөн суудалдаа бат суух нь нэгэнт тодорхой болсон дөрвөн сайд байгаа аж.
Тэд бол,
- НХХ-ийн сайд Ариунзаяа
- БХБ-ын сайд Б.Мөнхбаатар
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
- ХЗДХ-ийн сайд Нямбаатар нар аж. Харин ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан суудалдаа үлдэхээр салбарынхнаа хөдөлгөөд зогсохгүй намдаа лобби хийж, дээр дооргүй л гүйж буй сурагтай. Энэ удаагийн иргэдийн эсэргүүцэл эрүүл мэндийн салбарынханы сэтгэл зүтгэлгүй байдалтай холбоотой учраас түүнийг эргэн ирэхэд ард иргэд тийм ч таатай хүлээж авахгүй л болов уу. Залуу хүнд олон даваа бий, дахимаа өгсөн шиг өгвөл нэрэнд цэвэр баймаар...
Харин УИХ-ын чуулганы танхимаас Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнд орж ажиллах гишүүд бол
- Ж.Мөнхбат
- Л.Энх-Амгалан
- С.Бямбацогт
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы индэр дээрээс мэдээлэл хийхдээ "Засаглалын хямралд орлоо" хэмээн мэдэгдсэн. Түүний үгийг батлах уу, няцаах уу гэдгийг одоо байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүн харуулна.
Мөн төсвийн алдагдал 4.5 их няад болсон хэмээн хэвлэлүүдэд бичигдэж буй, дотооддоо коронавирусийг алдсан, эдийн засаг хямарсан зэрэг хүндхэн ачааг энэ Засгийн газар даван туулах хүчтэй байх ёстой тул дарга болох дуртай нь биш ажил хийж чаддаг лидерүүдээр Засгийн газраа бүрдүүлэх байх аа хэмээн ард иргэд чимээ чагнаж байна.