Өчигдөр (2020.02.02) Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна. Түүний мэндэлсэн өдрөөр "Сүхбаатар" шинэ эриний Монгол жанжины намтарчилсан комик номын нээлт боллоо.
Нийт түүхэн 10 цуврал бүтээл гарах бөгөөд өнөөдөр эхний хоёр номыг уншигчдийн хүртээл болгоход бэлэн болгожээ. Үлдсэн найман бүтээлийг ирэх зургадугаар сард багтаан гаргана. Мөн хүүхэд, залууст зориулсан арван цуврал анимейшн, радио жүжгийн бүтээлийг гаргах юм байна.
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажиллажээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “ХХ зууны түүхийг орчин үеийн арга хэлбэрээр олон нийтэд хүргэж байгаад баяртай байна. Энэ үеийн түүх коминтерны шахалтаар гажуудаж, гуйвуулагдсан байдгийг түүхч, судлаачид тогтоож байна. Энэ дундаас хамгийн олзуурхууштай зүйлсийн нэг нь Ардын хувьсгал бол үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө агуулгатай, түүхэн шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсныг түүхийн баримтаар нотолж байгаа явдал юм.
Тухайлбал, 1923 онд Нутгийн захиргааны дүрэмд “…Ван, гүн, ноёдын эрх хэмжээг хязгаарлаж, 10 гэрийн хурлаас эхлэн сум, аймаг, хошуу, улсын их хурлуудыг дэс дараалан байгуулж, аливаа хэрэг явдлыг шүүн хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэж байвал зохино. Улсын ба аймаг, хошуу, сум, баг, 10 гэрийн даргыг сонгохдоо ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвар бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролцсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино” хэмээн заасан нь жинхэнэ төлөөллийг ардчиллыг нэвтрүүлсэн хэрэг юм.
Мөн Ардын намын дүрмийн эх зохиогчдын нэг Жамсрангийн Цэвээн Ардын засаг гэж бичээд (Демократия) гэж хашилтад тэмдэглэж үлдээсэн нь архивын баримтад тодхон үлджээ. Энэ мэтчилэн түүхийн шинэ баримтуудаар гажуудсан түүхийг засаж залруулж, хойч үедээ үнэн зөвөөр үлдээх боломж бий болж байна. Энэ 10 цуврал түүхэн комик бүтээл Д.Сүхбаатар судлалыг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэв.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс