Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүнээс Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүнийг ТББХ-оор оруулж, хаврын чуулганаар хэлэлцэхээр хойшлуулах саналыг гишүүдийн олонх дэмжсэн. Ингэж хойшлуулах болсон шалтгаан нь Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдсөн явдал. Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай хуулийн төсөл батлагдлаа гэхэд Монгол Улсын нэг жилийн төсвийн нэг хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нөхөн олговор болгон төсөвлөх шаардлагатай болох юм.
Энэхүү хуулийн төслийн асуудлаар Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн хамба Д.Чойжамц өнөөдөр /2021.01.20/ хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж тус тус хуульчилсан байдаг.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтээр Монголын соёл, оюуны өв болсон Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг хамгийн ихээр устгаж, хойч үедээ үнэлж баршгүй хохирол учруулсан байна. Судалгаанаас үзвэл улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн 30 орчим мянган хүнээс 19758 лам байснаас 14 мянга гаруйг нь буудаж, үлдсэнийг нь 10 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд хэлмэгдүүлэлтийн жилүүдэд уран барилгын цогцолборууд болох 750 гаруй сүм хийдийг устгаж сүйтгэсэн гэх судалгаа бий.
Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлалын 3.1.4.8-д “Уламжлалт Бурхны шашин соёлыг сэргээн хөгжүүлж, сүм хийдийн үйл ажиллагааг нийгмийн оюун санааг гэгээрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, ядуурлыг бууруулах, зовлон гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслалцаа үзүүлэх, байгаль орчныг хамгаалах үйлсэд чиглүүлэхэд төрөөс анхаарч, дэмжлэг үзүүлнэ”, 3.1.4.9-т “Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж ирсэн Монголын Бурхны шашны өв соёлын судалгааг төрөөс онцлон дэмжинэ” гэж заасан.
Иймд 1930-1940 онд Монгол Улсад устаж үгүй болсон Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий хуулийн төсөл боловсруулагдан, УИХ-д өргөн мэдүүлсэн гэдгийг Тэргүүн хамба тайлбарлалаа.
Тэрбээр “Монгол Улсад байсан 1200 сүм хийдийг нурааж, дотор нь байсан бурхануудыг сумнаас өгсөн байдаг. Кг-ыг нь 6 төгрөгөөр ОХУ-д өгсөн баримт бий. Их хүрээнд сүм хийд дотор байсан асар үнэтэй оюуны бүтээлүүдийг тараагаад хаясан байсанд ард түмэн ч гар хүрэх эрхгүй байсан. Хүрвэл буруу номтон болох учраас тэр шүү дээ. Хоёр гурван хятад ажилчид зууханд шатааж байсан. 20-30 мянган лам нарыг егүүтгэсэн. Одоо гадаадын сүм хийд ямар байдаг билээ. Гэтэл бид нар сүсэгтэн олныхоо дэмжлэг дээр тулгуурлаж л явж байна. Орчин үеийн сүсэгтнүүдийнхээ хэрэгцээг хангаж чадахгүй байна. Ийм учраас нөхөн олговор гэдгийг дээд зэргээр дэмжиж байна” хэмээн хэлсэн юм.